Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
2025.06.05 14:46
699
Ц.ТУВААН: Шийдвэр гаргаж, гарын үсэг зурсан хүн нь өөрөө хариуцлагаа хүлээх байх

Олон жил маргаан дагуулж буй Олон овоотын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал дахин сөхөгдөж байна. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн  сайд Ц.Туваанаас тодрууллаа.

Талийгаач Г.Алтан агсны төрд учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байхад Олон овоотын лицензийг битүүмжлэлээс гарган, түүний хүүгийн компанид олгосон асуудал анхаарал татаж байна. Үүнийг хийсэн хүн нь АМГТГ-ын даргын үүргийг түр орлож байсан Ш.Ганхуяг, таны сонгуулийн менежерээр ажиллаж байсан. Тиймээс энэ шийдвэрт таны нөлөө орсон гэж хардах үндэслэл байна л даа. Үүн дээр та ямар тайлбар хийх вэ?

Энэ талаар би тодруулж асуусан. Хамгийн сүүлийн мэдээллээр бол ШШГЕГ-аас энэ шийдвэрийг гүйцэтгэ гэдэг шаардлагыг дөрвөн сар, сарын зайтай дөрвөн удаа ирүүлсэн байна билээ. Монгол Улс бол дарга биш хууль засагладаг орон. Тиймээс хуулийн дагуу гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж ойлгосон.

Ш.Ганхуягийн тухайд АН-ын гишүүн. Тухайн агентлагт даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. Одоо төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа. Тэр шийдвэрийг би гаргаагүй. Миний хувьд хууль бус юм хий гэсэн чиглэлийг дээрээс нь өгөөд сууж байдаг хүн биш. Шийдвэр гаргасан хүн нь өөрөө гаргасан шийдвэр, зурсан гарын үсгийнхээ төлөө хариуцлага хүлээх байх. Гэхдээ тэр хүмүүс тэнэг биш, хуулиа уншиж судална.

Төрд учруулсан хохирлыг барагдуулах үүрэг хүлээж байгаа Монголбанканд мэдэгдэхгүйгээр лицензийг бусдад шилжүүлсэн хууль зөрчсөн байна гэсэн агуулга бүхий албан бичгийг Монголбанкаас АМГТГ-т хүргүүлсэн байна шүү дээ...?

Энэ асуудлын хариуг би удахгүй өгөх болно. Хэдийгээр өчигдрөөс эхлэн үүрэг гүйцэтгэгч болсон ч гэсэн дараагийн сайд томилогдтол ажлаа хийгээд явж байгаа.

Ш.Ганхуягийг АТГ-аас шалгаж байгаа гэж үнэн үү?

Тийм юм байхгүй.

Олон овоотоос гурван тонн алт алдагдсан гэдэг мэдээлэл гараад байна. Үүнийг та мэдэхгүй байх боломжгүй дээ?

Би ганцаараа бүх асуудлыг мэдэх боломжгүй. Хэрвээ үнэхээр хууль зөрчсөн бол хууль, хяналтын байгууллагууд ажлаа хийх байлгүй дээ. Хэн ч байсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой. ШШГЕГ-аас шүүхийн ямар шийдвэр биелүүлэхийг шаардсаныг эхлээд харъя.

ЗГ огцрох сургаар ийм шийдвэр гаргачихав уу гэсэн хардлага байна л даа?

Бүх хүнд хардах эрх нь нээлттэй. Буруутай бол буруутай хүмүүс нь хариуцлагаа хүлээнэ шүү дээ.