“Хамтарсан” Засгийн газрын эхлүүлсэн, эхлүүлэхээр бэлтгэж байгаа мега төслүүдийг дараагийн Засгийн газар үргэлжлүүлэх шаардлагатай эсэх дээр олон нийт хуваагдмал байр суурьтай байгаа. Угаасаа бүгд нэг ижил бодолтой байх ч боломжгүй л дээ. Ямартай ч, энэ маргаанд хошуу нэмэрлэе.
ЖДҮ-ийг дэмжих бодлого хэр үр дүнтэй байв?
Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш 30 гаруй жилийн хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх асуудалд ач холбогдол өгч ирсэн. Тухайлбал, 2009 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг байгуулж, улс, орон нутгийн төсөв болон Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны зээл зэрэг эх үүсвэрээс нийт 737.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, 9000 орчим төсөлд 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Үр дүнд нь 40 мянга орчим ажлын байрыг хадгалж, 55 мянга орчим ажлын байр шинээр бий болгосон гэж дүгнэжээ. Зээлдэгчдийн 82.8% нь зээлээ бүрэн төлсөн байна.
ЖДҮДС байгуулагдах үе буюу 2009 оны байдлаар Монгол Улсад хөдөлмөрийн насны 1,137,902 иргэн байсан бол 2024 онд 1.44 сая болж өссөн. Энэ хооронд жил бүр багадаа 72 мянга, ихдээ 135 мянган иргэн “ажилгүй” хэмээн бүртгүүлсэн байна. Гэтэл 15 жилийн хугацаанд ЖДҮ-ийг дэмжихээр 1.1 их наяд төгрөг зарцуулчихаад 55 мянга буюу хөдөлмөрийн насны хүн амын дөнгөж гурван хувийг ажлын байраар хангасан нь чамлалттай.
Түүнчлэн JICA-ийн санхүүжилттэй “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах” төслийг 2006–2018 оны хооронд хоёр үе шаттай хэрэгжүүлж, 10 жилийн хугацаатай, жилийн долоон хувийн хүүтэй зээл олгосноор 21 аймагт нийт 27,000 гаруй ажлын байр бий болгосон байна.
Дэлхийн банктай хамтран “Экспортыг дэмжих төсөл” хэрэгжүүлж, уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай ААН-үүдийг дэмжих зорилгоор 20–500 сая төгрөг хүртэл буцалтгүй тусламж олгож байсан байна. ЖДҮДС-ийн хөнгөлөлттэй зээлийг бодвол харьцангуй өндөр санхүүжилттэй, буцалтгүйгээр олгодог энэ төсөлд цөөхөн аж ахуйн нэгж хамрагдсан нь дандаа эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий хүмүүсийн компаниуд байсан гэх хэл ам дагуулдаг. Түүнчлэн экспортын орлогын 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлсэн хэвээр байгаа нь дээрх төслийн хэрэгжилтэд дүн тавих биз ээ.
ЖДҮ рүү цутгасан бас нэг мөнгөний урсгал бол хөдөө аж ахуйн салбарт “Монгол ногоо”, “Ногоон алт-Малын эрүүл мэнд” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын байгууллагуудын санхүүжилтээр хэрэгжүүлсэн байдаг.
Жижиг, дунд үйлдвэрлэл нь эдийн засгийг төрөлжүүлэхэд, мөн нэг салбараас хэт хамааралтай байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангахад хувь нэмэр оруулдаг. Гэхдээ Монголын төр 30 гаруй жил ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлого баримталж ирсэн ч өнөөдөр хэрэглэгч орон хэвээрээ, импортын бүтээгдэхүүний хараат, гадаад худалдааны тэнцэл нь ихэвчлэн алдагдалтай байж ирсэн.
ЖДҮ-д багтдаг өрхийн үйлдвэрлэл нь ерээд оны хямралын үед өрхийн амьжиргааг дэмжихэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн ч макро эдийн засагт үзүүлэх нөлөөлөл бага байсан. Өнөө үед ЖДҮ нь өрхийн үйлдвэрлэлээс хальж, томорсон ч эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр нь мөн л хангалтгүй. Үүнийг нотлохын тулд хэдхэн тоо дурдъя. Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 100 мянга орчим ААН бий. Эдгээрийн 70 орчим хувийг ЖДҮ эрхлэгчид эзэлж байгаа ч ДНБ-ий 20 хүрэхгүй хувийг, экспортын орлогын гурав хүрэхгүй хувийг бүрдүүлж байна. Энэ хэдхэн тоо бид ЖДҮ-ээс дараагийн шатанд шилжих шаардлагатайг харуулж байгаа юм.
Мега төслүүд хэрэгжүүлж, ҮДК-уудыг бойжуулах нь эдийн засгийн аврал мөн
Томоохон төсөл, ҮДК-ууд нь улсынхаа эдийн засгийг нуруундаа үүрч, макро эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулдгийг хөгжингүй орнуудын жишээ харуулдаг. АНУ 500 ҮДК-тай болохоороо л дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийг бүтээж чадсан. 2024 оны байдлаар тус улсад 756 тэрбумтан бүртгэгдсэн гээд бод доо. Европын холбооны улсуудад 350 орчим ҮДК бий, тиймдээ ч өндөр хөгжсөн.
Үндэстэн дамнасан корпораци гэхээр заавал хүнд аж үйлдвэр байх албагүй. Худалдаа, үйлчилгээ ч байж болдог. Та бидний сайн мэдэх түргэн хоолны “McDonald`s”-аас эхлээд “CU”, “GS25” гэх мэт конвиниенс сүлжээ дэлгүүрүүд гээд дэлхийн олон оронд хэдэн зуу, хэдэн мянган салбартай, тоймгүй олон ажилчинтай Үндэстэн дамнасан корпорациуд бий.
Нэг том төсөл хэрэгжүүлэхэд түүнийг дагаж, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч компаниуд бий болж, кластер байдлаар ажилладаг. Л.Оюун-Эрдэний тэргүүлсэн хамтарсан Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ хэмээн том дуугарсан. Эдгээр томоохон төслүүдийг хөдөлгөхийн тулд томоохон үйлдвэрүүд байгуулах шаардлагатай. Энэ нь их хэмжээний хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи шаардах ч тэр хэрээрээ урт хугацаанд өгөөжөө өгөх боломжтой.
Дээрх 14 төслийн дөрөв нь эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх төсөл байгаа юм. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр хоёр хөршөөс эрчим хүчний хараат байдлаас ангижрах төдийгүй өөрсдөө эргээд экспортолдог болно гэж тооцоолж буй. Бүтээж чадвал үнэхээр хэрэгтэй төсөл мөнөөс мөн. Түүнчлэн дөрвөн төсөл нь боловсруулах үйлдвэр байгаа юм. Хэдийгээр уул уурхайн салбарын бүтээгдэхүүнүүд нь нийт экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг ч түүхийгээр нь гаргадаг болохоор нэмүү өртөг шингээгүй байдаг. Тэгэхээр боловсруулах үйлдвэрүүдийг байгуулснаар шингэсэн нэмүү өртөг нь монголчууд бидэнд л үлдэнэ шүү дээ. Гэх мэтчилэн энэ нь хэрэггүй дээ гэчих төсөл тэнд нэг ч байхгүй л дээ, үнэндээ. Харин бүгдийг заавал нэг зэрэг хөдөлгөж, санхүүгийн асар их ачаалал авах гэж муйхарлан зүтгэх хэрэгтэй юу гэдгийг эргэж харна биз ээ.