m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2025.06.09 11:22
1295
"Финалдах" магадлал хамгийн өндөр Г.Занданшатарын ХАР, ЦАГААН МӨР

Дараагийн Ерөнхий сайдад горилогч нарын лобби ид хийгдэж байгаа энэ цаг үед олон кандидат дотроос Г.Занданшатар, Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Б.Жавхлан нарын далаад оныхон, Д.Амарбаясгалан, Г.Тэмүүлэн нар тунаж үлдэж байх шиг. Чухам хэн нь “финалд шалгарч” үлдэхийг өнөөдөр 11 цагт эхлэх МАН-ын Бага хурлаар шийднэ. Шийднэ ч гэж дээ, урьдчилан бичигдсэн зохиолын дагуу үйл явц өрнөх биз. Намын харъяаллаасаа бэлгэдэл төдий татгалзсан ч намаа хянасаар байгаа төрийн тэргүүний таалалд хэн илүү нийцсэн нь Бага хурлын гишүүдээ ч багцлаад аваа биз. Улс төрийн томилгоо иймэрхүү байдлаар л хийгдэж ирсэн нь нууц биш хойно.

Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлнэ гэгчээр хэн нэг нь сонгогдож таарна. Хэн гарснаас үл хамаарч бид дараагийн Засгийн газраас Ухаахудаг, Нарийнсухайт тэргүүтэй стратегийн ордуудаас ард түмэнд өгөөж хүртээхийг шаардахаа, Төгрөгийн орд зэрэг хулгайд алдагдсан ордуудын нөхөн төлбөрийг нэхэмжлэхээ л мартаж болохгүй. Тэгэхээр хэн хор багатай нь л гараасай гэж ”залбирах”-аас  өөр сонголтгүй мэт. Ямартай ч горилогчид өнгөрсөн хугацаанд монголын ард түмний амьдралд эерэг болон сөргөөр нөлөөлөх ямар шийдвэр гаргаж, ямархан зам мөр туулж энэ хүрсэн талаар цувралаар товчхон өгүүлсү.

Парламентыг удирдаж байхдаа шинэлэг үзэгдэл нэвтрүүлсэн нь...

УИХ-ын дарга асан, эдүгээ ЕТГ-ын даргын албыг хашиж буй Г.Занданшатар парламентыг удирдаж байхдаа хоёр сайн үйл хийсэн байдаг. Нэгдүгээрт, D-Parliament платформыг үүсгэн байгуулж, ард түмэнд нийгэмд тулгарч буй асуудлаар тодорхой санал дэвшүүлэн, түүгээрээ санал асуулга явуулж, УИХ-аар хэлэлцүүлэн, шийдвэр гаргах түвшинд оролцох боломжийг бүрдүүлсэн явдал.

Удаах нь тэр УИХ-ын гишүүд ирцэд бүртгэгдсэн дарааллаараа үг хэлдэг “дэг”-ийг бий болгосон. Энэ нь чуулган цагтаа эхлэх, ядаж л багахан хоцорч эхэлдэг болоход нөлөөлсөн. Гишүүд ихэвчлэн хоцорч орж ирчихээд үг хэлчихээд гараад явчихдаг байсан. Тэдэнд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан бусад гишүүд ямар байр суурь илэрхийлэх нь сонин биш, өөрийнх нь зарчмын зөртүүтэй санал тусгагдах эсэх нь ч чухал биш, гагцхүү парламентын микрофоныг ашиглаж, улс төрөө хийх нь л чухал байдаг гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй.

Саар хэрэгт нэр холбогддог ч шалгагдсан нь үгүй...

Гэхдээ Г.Занданшатарт холбогдох хар түүхүүд ч бас бий. Тэр “Хадгаламж” банкыг дампууруулахад “хувь нэмэр оруулсан” чанаргүй зээлдэгчдийн нэг байсан бөгөөд банкнаас авсан мөнгөөрөө хилийн чандад мөрийтэй тоглож, алдаж байсан гашуун түүхтэй. Түүнтэй хамт мөрийгээ алдаж, банк дампууруулахад гар бие оролцсон журмын нөхдийн нэг нь эдүгээр Монгол төрийн оройд заларч буй.

 

Тэр мөн Салхитын мөнгөний ордтой сайнаар ч, муугаар ч нэр холбогддог. Уг ордыг төрийн мэдэлд авах ажлыг экс Ерөнхийлөгч Х.Баттулга санаачилж, хэрэгжүүлсэн нь Г.Занданшатар. Тэрээр ЗГХЭГ-ын дарга байхдаа Салхитын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, улсын мэдэлд авсан бөгөөд уг ордыг барьцаалан бонд босгож, 700 тэрбум төгрөгийг тэтгэврийн зээлтэй иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх, зээлгүй ахмадуудад хувь хүртээх ажлыг зохион байгуулж байв. Ядарсан өвгөд, хөгшдийг энэрсэн энэ ажиллагаа нь олон нийтээс сайшаал хүртсэн ч цаагуураа түүнээс хэд дахин илүү ашгийг Х.Баттулга, Г.Занданшатар нар хүртсэн гэх амьд гэрч байсаар байхад энэ хэрэг өнөөдрийг хүртэл шалгагдаагүй.

Г.Занданшатарын хамаарал бүхий хүн махны экспортын наймааг гартаа атгасан гэх албан бус яриа ч байдаг. Хэдхэн тонн мах экспортлох квотын төлөө “алалцдаг” энэ салбарт хятад улсын иргэд монополь байдалтай ажилладаг бөгөөд экспортлох эрх олж авсан цөөхөн хэдэн үндэсний компанийг өөрийн туслахаар дамжуулан байгуулсан гэдэг.

Харагдах дүрдээ дөлгөөн, тайван нэгэн боловч, хэнд ч мөчөөгөө өгөхгүй хилэн ихтэй гэдгээ ч мөн нотлосон бичлэгийг УИХ-ын даргаар ажиллаж байх үедээ цахимд тарааж байсан ч удаатай. Өнөөдөр ч дахин “сэвэгдэж” буй. 

Гэхдээ энэ бүхнийг үл хамааран түүнийг Ерөнхий сайд болоход саад болж болзошгүй нэг тээг буй. Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд  хангайн бүс буюу нэг дүгээр тойрогт  нэр дэвсэн ч хангалттай санал авч чадаагүйн улмаас "мултарсан" түүнийг Ерөнхий сайдаар томиллоо гэхэд “хаалгаар гараад тооноор орж ирнэ” гэгч болж, УИХ-ын түвшинд ч,  олон нийтийн зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай харагдаж байгаа юм.

Ямартай ч ийм нэгэн хар, цагаан хослуулсан түүхтэй эрхэм гүйцэтгэх засаглалын тэргүүнд тэмүүлсэн “марафон”-д нэлээд дээгүүр торойж явна...