Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
2025.06.12 10:46
321
О.НОМИНЧИМЭГ: Парламентын засаглалтай улсуудад парламентаар хэлэлцэх асуудлын 70-80 хувийг ЗГ оруулж ирдэг

УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний талаар байр суурийг нь тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:

ЗГ-ын бүтцийг харвал өнгөрсөн хугацаанд нэлээд олон сайдтай ажилласан. Хяналт шалгалтын үндэсний хороог байгуулж, түүнийгээ сайдтай болгох, “20 минутын хот” гэх мэт. Үр дүн нь одоогоор харагдаагүй байна. Юутай ч Үндэсний хороог татан буулгах хэрэгтэй. Яамдынхаа чадавхыг нэмэгдүүлэхгүй бол хүний нөөцийн хувьд ч тэр, гаргаж байгаа бодлогын хувьд ч тэр хүч тарамдсан байдалтай байгаа.

Уг нь парламентын засаглалтай улсуудад парламентаар хэлэлцэх бодлогын 70-80 хувь нь ЗГ-аас орж ирдэг. Гэтэл манайд ЗГ-аас тийм бодлого орж ирсэнгүй. Тийм учраас энэ бүхнийг цэгцэлж, засаглалын гурван “мөчир”-ийн балансаа хадгалах хэрэгтэй байна.

Ард иргэд гуравхан зүйл хүсэж байгаа. Нэгдүгээрт, эрүүл, аюулгүй орчинд амьдармаар байна. Хоёрдугаарт, санхүүгийн хувьд элбэг дэлбэг амьдармаар байна. Тиймээс иргэдийнхээ эдийн засгийг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлэх ёстой. Гуравдугаарт, шударга амьдармаар байна. Хууль хүн бүрд адилхан үйлчлэхийг хүсэж байгаа. Эдгээр шаардлагыг хангах чадамжтай Засгийн газар бүрдээсэй гэж хүсэж байна гэв.