Одоогоос 14 жилийн өмнө Ш.Батхүү, Г.Алтан нарын хооронд “Олон овоот гоулд” ХХК-ийг 60 тэрбум төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Эдүгээ Г.Алтангийн хүү Э.Сүрэн тус ордын лицензийг хууль бусаар дахин авсантай холбогдсон маргаан ид дэгдэж байгаа тул болсон явдлыг нэхэн санацгаая.
Ц.Мянганбаяр, Ш.Батхүү, Г.Алтан нарын бизнес хамтрал
Олон овоотын ордын тусгай зөвшөөрлийг анх “алтны магнат” гэгдэж явсан Ц.Мянганбаяр эзэмшиж байсан. Түүний эзэмшлийн “Монгол газар” ХХК нь “Жаст ойл” ХХК-аас шатахуун зээлээр авсаар байгаад 20 тэрбум төгрөгийн өр үүссэн тул оронд нь 25 тн алтны нөөцтэй гэх дээрх ордыг хамтарч эзэмшихийг санал болгосон гэдэг.
Тэд хамтдаа “Олон овоот гоулд” ХХК-ийг байгуулж, ордоо барьцаалан Голомт банкнаас 30 сая ам.доллар, Зоос банк, Анод банкнаас 120 тэрбум төгрөг, Хадгаламж банкнаас 67 тэрбум төгрөгийн зээл авсан байсан. Зээлээ төлөөгүй тул дээрх дөрвөн банк бүх лицензийг барьцаалсан ч хожим найман лиценз нь Монголбанкны мэдэлд шилжсэн.
Нийт 346 тэрбум төгрөгийн өртэй, тухайн жилийн тайлангаар 67 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байсан компанийг хүлээж авсан гэж Г.Алтан 2019 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа ярсан байна билээ. Тийм их өртэй бас алдагдалтай ажиллаж байсан ордыг 60 тэрбум төгрөг зарцуулан байж авсан нь хачирхалтай.
Монгол төрд хохирол учруулсан Ш.Батхүүгийн өрийг хэн барагдуулах вэ
Ш.Батхүү нь 2009 онд “Жаст” группынхээ нэрийн өмнөөс Өмнөд Африкийн “Standard Bank”-аас зээл авахдаа Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр”-ээр баталгаа гаргуулсан байдаг. Тухайн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн дарга байсан Ч.Ганзоригийн гарын үсгийг хуурамчаар үйлдэн баримт бичиг бүрдүүлсэн хэмээн өөрөө мэдүүлж, есөн жил хорих ялаар шийтгүүлсэн. Ч.Ганзориг 14 сая төгрөгөөр торгуулаад өннөгрсөн. Ш.Батхүү үнэхээр Ч.Ганзоригийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн үү эсвэл өөрт нь тусалсан нөхрөө “уснаас хуурай гаргах” арга байсан уу гэдэг нь одоо ч эргэлзээ төрүүлдэг.
“Стандарт” банк Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхэд хандаж, Монгол Улсыг хариуцагчаар татсан. Төрийн өмчит үйлдвэр баталгааг нь гаргасан болохоор тэр. 2013 онд эхэлсэн энэ маргаан 2016 онд эцэслэгдэж, Монголын тал 109 сая ам.долларын төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Үүний 40 гаруй сая нь үндсэн зээл, үлдсэн нь торгууль, хүү, шүүхийн зардал байсан. Монгол Улс төлбөрийг 2018 онд бүрэн барагдуулсан. Эргээд Ш.Батхүүгээр нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн ч одоо хүртэл бүрэн төлөгдөөгүй, үргэлжилж байгаа нь энэ.
Талийгаач Г.Алтангийн хүү Э.Сүрэн битүүмжлэгдсэн “Олон овоот гоулд” ХХК-ийн линцензүүдийг битүүмжээс чөлөөлүүлэхээр шүүхдэж эхний шатанд заргаа авсан байна.
“Олон овоот гоулд” ХХК-ийн өрийг барагдуулах үүрэгтэйгээр
лиценз эзэмшсэн компани хохирогч болсон нь
Гэвч 2024 оны 8 дугаар сард Давж заалдах шатны шүүхээс Олон овоотын ордын найман лицензийг төрд учруулсан 140 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах үүрэгтэйгээр “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргасан байгаа юм. Ингээд 2024 оны наймдугаар сарын 7-ны өдөр АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” 335, 336, 337, 338, 339, 340, 341 дүгээр шийдвэрээр ашиглалтын MV-015274, MV-015275, MV-015282, MV-015283, MV-020764, MV-021489, MV-021490 дугаартай 7 тусгай зөвшөөрлийг “Олон овоот гоулд” ХХК-аас “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д, мөн оныхоо 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” 426 дугаар шийдвэрээр MV-019336 дугаартай нэг тусгай зөвшөөрлийг “Олон овоот гоулд” ХХК-йийн охин компани болох “Зөв зүг” ХХК-аас “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д тус тус шилжүүлсэн байдаг.
“Минерал Эксплорейшн Фандинг” компани нь “Олон овоот гоулд” ХХК-ийн үүсгэсэн өрийн үлдэгдэл 140 гаруй тэрбум төгрөгөөс таван тэрбум төгрөгийг эхний ээлжинд төлсөн байна.
2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Э.Сүрэнгийн удирддаг “Зөв зүг” ХХК нь Нийслэлийн иргэний хэргийн шүүхэд хандан, давж заалдахаар нэхэмжлэл гаргасан. “Олон овоот гоулд” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар найман тусгай зөвшөөрлийг төлбөр авагчид шилжүүлэхдээ манай компаний лицензийг хамт шилжүүлсэн нь “Зөв зүг” ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна” гэжээ.
Үүний дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар “Зөв зүг” ХХК-ийн гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэр гаргасан байна.
Агентлагийн дарга шүүхийн шийдвэр давсан хууль бус шийдвэр гаргав
Гэтэл АМГТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ш.Ганхуяг уг албаа хүлээлгэн өгөхөөс нэг өдрийн өмнө буюу энэ оны 5 дугаар сарын 06-ны өдөр А/78 тоот тушаалаараа “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д шилжүүлсэн лицензийг хүчингүй болгосон нь өнөөгийн маргааны үндсийг тавьжээ. Агентлагийн дарга албан тушаалаа урвуулан шүүхийн шийдвэрээс давсан шийдвэр гаргасан энэ үйлдэл нь Монгол Улс хууль биш дарга засагладаг орон болсны нэг жишээ.
Эл явдлаас долоо хоногийн дараа Монголбанкаас Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд хандан, “Төрд учруулсан хохирлыг барагдуулахад дэмжлэг хүсэх тухай” албан бичиг илгээв. Уг бичигт “Төрийн авлагыг барагдуулж буй “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д шүүхийн шийдвэрээр шилжүүлсэн найман ширхэг тусгай зөвшөөрлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон барьцаалагчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар “Олон овоот гоулд” ХХК, түүний охин компани “Зөв зүг” ХХК-д буцаан бүртгэсэн нь хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа бөгөөд тул хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж, төрд учруулсан хохирлыг барагдуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Ш.Ганхуяг нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан, одоо үүрэг гүйцэтгэж буй Ц.Тувааны зөвлөх болон сонгуулийн менежерээр ажиллаж байсан нэгэн. Тэгэхээр түүний гаргасан шийдвэрт Ц.Туваан сайд нөлөөлсөн байх магадлалтай гэж үзэх үндэслэл байгаа юм.
Энэ талаар Ц.Туваан сайдаас тодруулахад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараалан ирсэн шаардлагын дагуу хийсэн юм билээ. Хэрвээ хууль бус бол шийдвэр гаргаж гарын үсэг зурсан хүн нь өөрөө хариуцлагаа хүлээнэ биз” гэсэн хариу өгч байсан. Дарга нар өөрсдийн томилсон хүмүүсээр хууль бус шийдвэр гаргуулдаг, эргээд тэр хүнээ золигт гаргаж, өөрсдөө цэвэрхэн үлддэг “жишиг” бий. Энэ жишиг давтагдах гээд байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байгаа юм.
Тиймээс Ц.Туваан, Ш.Ганхуяг нарын хэн нь хариуцлага хүлээх вэ? Олон овоотын ордыг ашиглаж, төрд учруулсан хохирлыг барагдуулна гээд уурхайд хөрөнгө оруулалт хийж, төрд таван тэрбумыг тушаагаад байгаа “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-ийн эрх ашгийг хэн хэрхэн хангах вэ? Хамгийн гол нь төрд учруулсан хохирлыг хэн хэрхэн богино хугацаанд барагдуулах вэ? Эдгээр асуулт хариулт нэхэж байна. Үйл явц хэрхэн өрнөхийг бид эргэн мэдээлэх болно.