Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.06.12 12:47
1275
Г.Занданшатар: Надад итгэл үзүүлж, томилбол УИХ-д суудалтай намуудтай хамтын ажиллагааны талаар ярилцана

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Э.Болормаа: Надад 2 асуулт байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын Засгийн газар огцроход итгэл үзүүлэхгүй байх нөхцөл үүсэхэд та юу гэж дүгнэсэн бэ. Та  улс төрийн байдал зөрчилтэй байна гэж хэлсэн. Та дараагийн Засгийн газраа бүрдүүлэхдээ ямар өөрчлөлт хийх вэ. Миний хувьд хамтарсан Засгийн газрыг дэмжиж ирсэн. Дангаараа засаглана гэсэн байр суурьтай байгаа үедээ яаж эв нэгдлийг хангаж ажиллах вэ?

-Дараагийн Засгийн газрыг бүрдүүлэхдээ бусад намуудыг урьж оролцуулах уу. МАН-ын бага хурлаас АН-ыг гэрээ зөрчсөн гэх үндэслэл гаргасан. Шулуухан хэлэхэд олон хүний гомдол, сандал суудлын гомдол дээр дооргүй гарсан байх. Ийм нөхцөл байдал гаргахгүйн тулд жижиг намуудтай хамтрах уу.

Нэр дэвшигч Г.Занданшатар: Бид арагшаа биш, урагшаа харж ажиллах ёстой. УИХ-аар өдөржин шөнөжин хэлэлцээд гаргасан шийдвэрийг би өнөөдөр шүүж дүгнэдэг хүн биш. УИХ-ын шийдвэрийг Цэцээс өөр газар үнэлж, дүгнэдэггүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хангалттай сайн ажиллаж, олон мега төслүүдийг урагшлуулах, авлигатай тэмцэх, үндэсний баялгийн сангийн хуулийг амилуулах зэрэг ажлыг богино хугацаанд хэрэгжүүлж үр дүнтэй ажилласан гэж бодож байгаа. 

УИХ-д суудалтай улс төрийн намуудтай ярилцаагүй. Үндсэн хуулийн 39.3-ын дагуу Ерөнхий сайд энэ асуудлыг ярьдаг. Би томилогдоогүй, сонгогдоогүй байгаа учраас ярих бололцоогүй. Хэрэв УИХ-аар итгэл үзүүлж томилогдох юм бол УИХ-д суудалтай намуудтай хамтын ажиллагааны талаар ярилцана. 

Гэхдээ Монгол Улсын эрх ашгийн төлөө аливаа төсөл дээр заавал Засгийн газарт орсноороо хамтардаг юм биш. Тангараг өргөсөн нийт УИХ-ын гишүүд, намууд эх орондоо хэрэгтэй сайн зүйлийн төлөө нэгдэж хамтарч ажиллах ёстой. Буруу зүйлийг шүүмжилж байх ёстой. Хамтын ажиллагаа гэдэг өргөн утгатай зүйл гэж ойлгож байгаа.

Тийм учраас Монгол Улсын эрх ашгийн төлөө хэнтэй ч хамтарч ажиллана. Харин эсрэг бол эсрэг үг дуугарч тэмцэх ёстой.