УИХ-ын гишүүн, “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяраас цаг үеийн асуудлаар байр суурийг нь тодрууллаа.
Хамтарсан Засгийн газрын алдаа, оноог та хэрхэн дүгнэж байгаа вэ?
Өнгөрсөн Засгийн газарт өнөөдрийн эдийн засгийн хямралыг үүсгэсэн гол хүн нь Сангийн сайд байсан. Хамгийн сүүлд гадаад өр, зээлийг төсвөөс гадуур тооцох хуулийг хэдэн гишүүнээр санаачлуулсан. Энэ бол ерөөсөө байж болохгүй асуудал.
Ямарваа улс төр багийн хамтын тоглолтын үр дүнд амжилттай байдаг. Гэтэл манай улс төрд багийн тоглолт гэж байхгүй болчихсон. Хичнээн сайхан нийгэм, эдийн засгийн реформ хийнэ гэж зориод үүнийг хийж чадах итгэлцэл баг дотор байхгүй, гар нийлэхгүй, бүгдээрээ нэг зүгт харж чадахгүй бол яаж хийх юм бэ. Л.Оюун-Эрдэний уналтын шалтгаан энэ. Цүнх, ээмэг, бөгжний асуудал бол Л.Оюун-Эрдэнийг унагаах шалтаг болсон. Нөгөөтэйгүүр, ажлаа өгөх шалтгаан ч бас байсан.
Шинээр байгуулагдах Засгийн газарт таныг хамтран ажиллаач гэж уривал та зөвшөөрөх үү?
Ордонд байгаа хов живээр бол Ардын нам дангаараа засаглана гэж байна. Хуульзүйн хувьд ч тэр, 2024 оны сонгуулийн үр дүн ч тэр Ардын намыг дангаараа засгаа байгуул гэсэн байгаа.
Гэхдээ ямар ч улс төрч хүн хамгийн хүнд цагийг сонгож, ханцуйгаа шамладаг. Хэрвээ надад цаг хугацааны сонголт байсан бол ийм хүнд цагийг сонгохгүй байсан гэж урьд нь нэг улс төрч хэлсэн. Энэ бол улс төрч хүний үг ердөөсөө биш.