УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин төрийн өндөрлөгүүд буюу эрх мэдлийн хуваарилалтын хил хязгаарыг тодотгох агуулга бүхий хуулийн төсөл санаачилж буй талаараа мэдээлэл өглөө.
Хуулийн төслийн үзэл санаа нь юу юм бэ?
УИХ-д суудалтай таван намын дөрөвт нь хамаарах 40 орчим гишүүн хуулийн төслийг маань дэмжиж, гарын үсэг зурсан. Хуулийн төслийг дэмжиж байгаа ч гэсэн ажлын хэсэгт орох зорилгоор гарын үсэг зураагүй гишүүд бас бий. Жишээлбэл, ТББХ-ны гишүүд байна.
Үндсэн хууль дах эрх мэдлийн хуваарилалтын хил хязгаар их бүдгэрсэн байна. УИХ-ын чуулган дээр гурван дарга өөрсдийгөө төрийн өндөрлөгүүд гэж цоллоод, УИХ-ын толгой дээр гараад суучихаж байна. Олон улсын жишгээр нэг л хүнийг парламентын толгойд гарч суухыг зөвшөөрдөг. Тэр нь спикер. Хуралдааныг зохион байгуулж, удирдах боломжоор хангахын тулд тэр. Түүнээс бусад албан тушаалтныг, ерөнхийлөгчийн засаглалтай улсад ч гэсэн гүйцэтгэх албан тушаалтныг парламентын дээр гаргадаггүй. Тиймээс Ерөнхий сайдыг парламентын дор суулгах хуулийн төсөл санаачилсан. Үүнийг хуулиар зохицуулаагүй юм билээ.
Сандал суудлыг нааш цааш болгох нь тийм ач холбогдолтой гэж үү?
Сандал суудал гэхээр хүмүүст жижигхэн асуудал мэт санагдах байх. Том агуулгаараа Үндсэн хуулийн дэг журмыг сахиулах гэж байгаа хэрэг. Хууль тогтоох эрх мэдэл бүхий төрийн эрх барих дээд байгууллага гэж хэн юм, тэндээс томилогддог, төрийн хуулийг хэрэгжүүлэх үүргийг УИХ-ын өмнө хариуцахр үүрэг бүхий гүйцэтгэх албан тушаалтан хаана байх ёстой юм гэдэг энэ хил хязгаар, хяналт, тэнцлийг тогтооход чиглэж байгаа юм.
Хоёрдугаарт, парламент дотроо бас эрх мэдэл хуваарилагддаг. Олонх нь шийдвэр гаргаж, цөөнх нь хяналт тавьдаг. Тиймээс хяналт тавьж байгаа цөөнх парламент дахь мэтгэлцээнд ижил түвшинд байр суурь илэрхийлэхийн тулд олонхын байр суурийг илэрхийлж байгаа Ерөнхий сайдтай ижил түвшинд байрлах ёстой.
Тэгэхгүй бол нэг нь дээр нь гараад, хуралдаан даргалагчийн байранд суух юм бол Л.Оюун-Эрдэний гаргасан алдаа давтагдана гэсэн үг. УИХ-н гишүүдийг хүссэнээрээ доромжлоод, өөр хүний нэрээр дуудах жишээтэй. Энэ бол олонхын дарангуйлалд тогтчихсон байна гэсэн үг. Парламентын ардчилал байхгүй байна гэсэн үг. Мэтгэлцээн ижил түвшинд эхэлдэг болохоос дарга, цэргийн хооронд болдоггүй. Олонхын байр суурь, цөөнхийн байр суурь ижил түвшинд байх ёстой гэсэн үг.
Гуравдугаарт, парламентад үг хэлэх эрхийг хөндсөн. УИХ-д сонгогдсон гишүүд чуулган дээр үг хэлдэг. Харин сонгогдоогүй бусад албан тушаалтнууд бол зөвхөн мэдээлэл өгөх үүрэгтэй байдаг. Тиймээс үг хэлэх эрхийг УИХ-ын гишүүдтэй зэрэгцэж, булаацалдах эрх байхгүй.
Тухайлбал, парламентад сонгогдоогүй Ерөнхий сайд чуулган дээр үг хэлнэ гэдэг ойлголт байхгүй. УИХ-ын гишүүдтэй мэтгэлцэнэ гэдэг ойлголт бас байхгүй. Тиймээс намын зовлонгоо Үндсэн хуулийн зовлон болгож болохгүй. УИХ-д суудалгүй Ерөнхий сайд парламентын толгойд гарч суух нь битгий хэл УИХ-ын гишүүдийн дунд ч суух боломжгүй. Ажлын хэсэгт л суух байх.
Ерөнхийлөгчийн тухайд?
Ерөнхийлөгчийн суудлыг танхимаас гаргах асуудал байхгүй. Харин толгойд нь байх уу, үгүй юу гэдгийг ярих ёстой байх. Үндсэн хуульд Ерөнхийлөгч чуулганд тааллаараа оролцоно. УИХ-д мэдээлэл өгнө гэж заасан байдаг. Тиймээс суудлыг нь зохих газарт байршуулах нь зөв. Ерөнхийлөгч бол сонгогддог албан тушаалтан. УИХ-д ажлаа хариуцдаг. УИХ Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийддэг. Тийм учраас төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ.