Нэлээн дээр яг хаанаас гэдгийг нь сайн санахгүй байна л даа, “Охин хүүхдийг гадаад төрх, зан аашаар нь харин хөвгүүдийг хийсэн зүйлийнх нь төлөө магтах хэрэгтэй. Тэгэж чадвал өөртөө итгэлтэй, бие даасан, шийдэмгий нэгэн болон хүмүүждэг.” хэмээн уншиж байсан юм.
Өөрийгөө сайн илэрхийлж чаддаггүй хүүхдийг “манай энэ нэг юм” хэмээн ам нээхийг хүчээр шаардаж, өөртөө арчаагүй, цэвэрч биш байна гэж охидыг загналаа гээд тэдэнд маань өөрчлөгдөх ямар ч сэдэл төрөхгүй. Магадгүй харин ч бүр зөрүүдэлнэ. Үүнийг шийдэх хамгийн зөв арга бол өөрсдөд нь яриасаг, цэвэрч нямбай нэгэн байх чин хүслийг нь төрүүлж өгөх юм. Үүний тулд л дээр дурьдсан магтаж урамшуулах аргыг хэрэглэх хэрэгтэй гэж би итгэдэг.
Биеийг нь төрүүлсэн гээд бүх амьдралыг нь өөрийнхөөрөө залах эрхтэй биш болохоор эцсийн эцэст эцэг эх болсон хүмүүсийн гол үүрэг нь үр хүүхдээ сайхан ирээдүйгээ өөрөө бүтээн босгохонд нь л туслах юм. Тэгэхээр яах хэрэгтэй байх нь уу? Доорх нийтлэлийг уншиж дуусаад охиныхоо мөрөөдлийг хоёр гараа өргөн дэмжих хэрэгтэй байх нь байна шүү дээ. Яагаад охин хэмээн онцолж байгаа вэ? гэвэл доор бүсгүйчүүдийн түүхийг дурьдах бөгөөд ертөнц дээрх бүх хүмүүстэй адилхан энгийн л хүмүүс бий. Мөрөөдөлтэй, өөртөө итгэлтэй байж тэмцэж чадсанаараа л бусдаас ялгарах байх. Бас өөрийгөө бүсгүй хүн гэж хязгаарлаагүй.
Харин чи өөрийн охиноо амьдрал мэдэхгүй гэж битгий бод, мөрөөдлийг нь сонсоод сөрөг талаас нь харж, бүтэхгүй талаас нь ч битгий ухуул. Үнэхээр чин сэтгэлээсээ хүсч л байгаа бол болох болохгүйг охин чинь өөрөө шийдэг. Доорх бүсгүйчүүд ч гэсэн төгс биш. Магагдгүй охин чинь ирээдүйд эдэн шиг дуурсагдаж амьдрах ч юм билүү? Түүнд итгэ.
1. Күин Латифа
Тэр тарган л даа. Гэхдээ түүний овогт зүгээр ч нэг “Хатан” /Queen/ гэдэг үг орчихоогүй бололтой. Тэрэнд дутуу авьяас гэж үгүй. Дуулах бүжиглэх, жүжиглэх, хип хопоор үглэх, загвар өмсөх, зохиол бичих, бүр продюсер хүртэл хийнэ гээч. “Ямар ч амжилтанд хүрэх чадваргүй бүдүүн царай муут” гэж шоглож байсан тэр хүү хэнийг тэгж хэлж байснаа одоо тодоос тод санаж байгаа байх даа. “Би өөрийн царай, хоолой, инээмсэглэл тэр бүү хэл илүүдэл жиндээ ч хайртай” гэж хэлсэн энэ бүсгүй дотроосоо гэрэлтсэн жинхэнэ гоо үзэсгэлэн гэдгийг бидэнд харуулсан шүү дээ.
2. Элен Диженэрэс
Түүний онцгой авьяас, цуцашгүй хөдөлмөрийн ачаар бид хөгжилтэй, сайхан нэвтрүүлэг үзээд сууж байна. Хэрхэн нээлттэй бөгөөд хөгжилтэй ярилцахыг харуулж чаддаг Элен 1997 онд лесби гэдгээ зарласан юм. Маш олон зүйлсийн төлөө тэмцдэг тэрээр өөрийнхөөрөө байх ямар чухал гэдгийг үзэгчдэд ойлгуулж чадсан.
3. Натали Портман
Оскарын шагналт Натали зөвхөн жүжигчний авьяас төдийхнөөр хязгаарлагддаг хүн биш. Израйл - Америк гаралтай үзэсгэлэнт Наталиг Еврей, Герман, Франц, Япон, Араб хэлээр ярьдаг, Харвардын их сургуулийг онц дүнтэй төгссөн сэтгэл зүйч гэх мэтчилэн магтах зүйл тоймгүй олон. “Сурсан зүйл минь хангалттай гэж бодож л байгаа бол чи юу ч сураагүй байна” гэж хэлсэн Натали зав л гарвал улс төр, амьтаны эрх, хүрээлэн буй орчны талаар судлах дуртай. Тэр өөрийгөө нэг л зүйлээр хязгаарласангүй.
4. Опра Уинфри
Опрагийн түүхийг мэдэхгүй хүн гэж үгүй. Дэлхийн хамгийн баян бас хамгийн ухаалаг бүсгүй шүү дээ. Жаахан охин байхдаа хүчиндүүлж, хүүхэдтэй болж, сургуулиасаа хөөгдөж, эцэст нь гав ганцаараа үлдсэн ч түүнийг одоогийн амжилтанд хүрэхэд юу ч зогсоогоогүй юм. Амьдрал үнэхээр хэцүү байна? гэж бодох тэр үедээ Опрагийн амьдрал надаас хэцүү байсан шүү дээ гэдгийг сана. Түүнийг бяцхан охин байхад дэлхийд алдартай эмэгтэй болно гэж хэн нэгэн төсөөлж байсан болов уу? Магадгүй Опра ганцаараа л тэгэж мөрөөдөж байсан биз ээ.
5. Женнифер Лауренс
“The Hunger Games” - ийн од Женнифер "Холливүүдын хувьд би илүүдэл жинтэйд тооцогдох жүжигчин. Гэхдээ би хэзээ ч өөрийгөө өлсгөж чадахгүй. Мөн би өсвөр насны охид киног минь үзээд “Би Катнис шиг сайхан биетэй болохын тулд хоолны дэглэм барина аа” гэж бодох вий гэхээс айж байна. Тэднийг амьдралын ийм буруу дэглэмтэй болчих вий гэсэндээ би өөрийгөө аль болох зохих жинтэй, эрүүл чийрэг, булчинлаг байлгах нь чухал гэж боддог” хэмээн ярьжээ. Женниферээс бид өөрийнхөө биеийг байгаагаар нь хайрлаж, ямар нэг журманд баригдахгүй байгаагаараа байхыг суралцаж болно. Бод л доо, Холливүүдын эмэгтэй жүжигчдийн хэд нь зургаа авхуулж буй хоёр хүний ард улаан хивсний гоёмсог даашинзтайгаа нүүрээ үрчийлгээд, шүдээ ярзайлгаад зурганд орж чадах билээ. Тийм ээ, тэр үнэхээр давтагдашгүй өөрийнхөөрөө байж чаддаг бүсгүй.
6. Серена Уилламс
Теннисийн спортыг Серена “амь оруулсан” гэж хэлж болно. Тэр бол “Career Golden Slam”-ын ганцаарчилсан болон хосын төрөлд хоёуланд нь ялж чадсан цорын ганц тамирчин. Эгч Венус Виллиамс нь түүнд хосын төрөлд түрүүлэхэд тусалж, хамтдаа тоглосон юм. Түүнд зөндөө олон хүмүүс “Ганцаарчилсан төрөлд тоглодог тамирчид хосын төрөлд хэзээ ч амжилт гаргадаггүй юм” гэж хэлж л байсан байх даа. Теннисийн хажуугаар кинонд дуу оруулах, “Nike” брэндийн нүүр царай, гол моделиор ажиллах, хөхний хорт хавдрын эсрэг тэмцэх гээд түүний ажил дуусашгүй. Гэхдээ хийсээр л, бүтээсээр л байна.
7. Миа Хамм
Эмэгтэй мэргэжлийн хөл бөмбөгийн хамгийн алдартай тамирчин болох Миаг Вашингтон Постынхон “Сүүлийн 15 жилд төрсөн тамирчдаас хамгийн чухал нь” гэж тодорхойлсон байна. Түүний талаар HBO “Мөрөөдөж зүрхлэ: АНУ - ын эмэгтэй хөлбөмбөгийн түүх” нэртэй баримтат кино хийж байжээ. Тэрээр Fifa - ийн жилийн шилдэг тоглогчоор хоёр ч удаа шалгарч байсан түүхтэй. 1997 оны 4 сарын 16-нд түүний өргөмөл дүү Гаррет маш ховор цусны өвчний улмаас нас барсан ба энэ явдалд гашуудсан тамирчин “Миа Хэммийн сан” нэртэй донорын эмчилгээг дэмжигч сан байгуулжээ. Түүний амьдрал маш олон саад тохиолдож байсан ч 2004 онд тэтгэвэрт гарах хүртлээ хөл бөмбөгийг нэг ч удаа орхиогүй юм. Хүний дуртай ажил аа гэж!
8. Лиша Ронзулли
Лиша бол Европын холбооны парламентэд Италийг төлөөлөгч гишүүн юм. Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцдэг. Хүүхэд төрүүлсэн ч өөрийн хүслээр ажлаа хийх эрх бүсгүйчүүдэд бий хэмээн өрийнхөө үзэл бодлыг ойлгуулахын тулд 2010 оны 9 сард хорвоод мэндлээд 44-хөн хонож байсан хүүхдээ парламентийн хуралд авчирч байсан юм. Зоригтой байгаа биз дээ? Яг л түүн шиг өөрийнхөө үзэл бодлыг, зөв гэж бодсон зүйлээ бусдын юу гэхээс хамааралгүйгээр хамгаалж, бат зогсохын чухлыг охиддоо заагаарай.
9. Диана гүнж
Тийм ээ, тэр гүнж байсан. Гэхдээ тэр гүнжийн титмээ зүгээр нэг зүүхээс гадна олон сайхан зүйлд “ашигласан” түүхтэй. Хүний эрхийн төлөө тэмцэж, тоймгүй олон буяны ажиллагааг зохион байгуулдаг байлаа. Баян тансаг байхаас гадна хүн хүнийхээ төлөө чин сэтгэлтэй байх хэрэгтэй гэдгийг түүнээс суралцаж болно.
10. Патси Минк
Патси бол хамгийн анхны АНУ-ын Конгрессийн гишүүн эмэгтэй тэр дундаа Ази гаралтай Америк хүн байсан юм. Хавайг төлөөлж сонгогдсон бөгөөд уг гарвал нь Япон байжээ. Патсигийн нэрээр нэрлэгдсэн хууль /"Patsy T. Mink Equal Opportunity in Education Act"/ хүртэл АНУ-д байдаг аж. Амьдралынхаа сүүлийн жилүүдийг хүртэл улсдаа зүтгэж байсан түүнийг 74 настайдаа уушигны хатгаа өвчний улмаас нас барахад ерөнхийлөгч Жорж В.Буш төрийн далбааг хагас тонгойлгон хүндэтгэж эмгэнэл илэрхийлсэн юм. Тийм болохоор Монгол улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болно гэсэн охиныхоо мөрөөдлийг битгий үгүй хийгээрэй.
Харин охиныхоо мөрөөдлийг мэдэхгүй ээжүүд яг одоо асууж, дэмжээрэй. Хэрвээ охин чинь ч өөрөө сайн мэдэхгүй байвал олоход нь туслаарай.