Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
2025.06.12 16:17
1474
Г.ЗАНДАНШАТАР: Баялгийн өгөөжийг бүх нийтэд хүртээх нь зөвхөн эр зориг биш миний хүсэл мөрөөдөл юм

УИХ-ын энэ өдөр  /2025.06.12/-ийн нэгдсэн чуулганаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нэр дэвшигчид хандан, хэд хэдэн асуулт тавилаа.

О.АЛТАНГЭРЭЛ: Монгол Улсад хүний эрхийн нөхцөл байдал олон улсын зарим индексээр нэлээд санаа зовоож байгаа. Тиймээс Засгийн газраас өнгөрсөн хугацаанд хүний эрхийг хангах чиглэлээр нийт 12 хуулийн төсөл өргөн барьснаас УИХ 11 төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Жагсаал цуглаан хийх тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай зэрэг хуулийн төслийг өргөн барьсан.  Та хүний эрхийг хангах чиглэлээр юу хийх вэ?

Г.ЗАНДАНШАТАР: Хүний эрхийн тэмцэлд эцсийн цэг гэж үгүй. Хүний эрхийг баталгаажуулсан Ардчилсан Үндсэн хуульдаа үнэнч байна. Шинээр томилогдох Хууль зүйн сайдад энэ чиглэлээр тодорхой чиглэл өгч ажиллана. Хүн биш хууль засагладаг нөхцөлийг бүрдүүлж ажиллана.

О.АЛТАНГЭРЭЛ: Авлигын нөхцөл байдал санаа зовоосон хэвээр байгаа. Хэдийгээр авлигын индексээр өнгөрсөн жил долоон байраар урагшилсан ч гэсэн оноо хэвээрээ байгаа. Энэ чиглэлээр ЗГ-аас хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсан. Тухайлбал, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл, түүнийг дагалдуулан авлигын багц хуулийг өргөн барьсан. Эдгээр хуулиуд батлагдвал авлига болон хүний эрхийн индексүүд урагшлах боломжтой болно.

Та авлигын чиглэлд ямар бодлого барьж ажиллах вэ?

Г.ЗАНДАНШАТАР: УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, төрийн өндөр албан тушаалтан хахууль авбал бүх насаар нь хорих буюу манай ялын хамгийн дээд хэмжээг бий болгосон. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчилсэн. Үүн дотор үндэслэлгүй хөрөнгөжих, орлогоосоо давсан зарцуулалтыг хянах тогтолцоог оруулж өгсөн. Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шийдсэн. Үндэслэлгүй хөрөнгөжих бол хөрөнгөө Иргэний хуулиар хураалгаад дуусчихдаг асуудал биш. Одоогийн хуулиар Эрүүгийн хуулиар шийдэгдэж байгаа. Гол нь шинэ хууль гаргахаас илүүтэй хууль сахиулах байгууллагууд “дабль стандарт”-аар ажиллаж, заримд нь хууль үйлчлэхгүй байгаад иргэд дургүйцэж байна. Иймд бид хуулийг сахиж ажиллахыг хуулийн байгууллагуудаас шаардаж ажиллана. Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг ЗГ-аас УИХ-д нэгэнт өргөн барьсан тул одоо УИХ-ын мэдлийн асуудал болсон.

О.Алтангэрэл сайд шинэ хууль зүйн сайдтай хамтарч ажиллахыг хүсэж байна.

О.АЛТАНГЭРЭЛ: Монгол Улсад 18 жилийн дараа стратегийн орд газруудыг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Тухайлбал Таван толгойн орд, Ухаахудагийн ордтой холбоотой Ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж, хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан. Баялгийн өгөөжийг монголын ард түмэнд хүртээх асуудал ярьсан хүн бүрд маш их дайралт, гүтгэлэг ирдэг юм билээ.

Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангаж, монгол хүн бүр стратегийн ордоос хувь хүртэх ажлыг зохион байгуулах эр зориг танд байгаа юу?

Г.ЗАНДАНШАТАР: Баялгийн сангийн тухайд, 2019 онд Норвегийн Баялгийн сангаас эш авч, Үндсэн хуульд тусгасан. Үүний дагуу Улсын Их хурал Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Үүнийг хэрэгжүүлэх нь эр зориг төдийгүй бидний хүсэл мөрөөдөл тул эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх нь миний нэр дэвшсэн нэг шалтгаан мөн.