УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Занданшатарыг 34 дэх Ерөнхий сайдаар томилох эсэхийг эцэслэн шийдэх гэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нэр дэвшигч Г.Занданшатараас зарим зүйлийг асууж тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Нэг эргэлзээ, буруу мэдээлэл тарчихсан байна. Ухаа худагтай холбоотой яригдаад байгаа. Нэг хүн монголчууддаа баялгийг нь олж өгөх гээд л хичээгээд. Баялгийг нь авчихсан хэсэг нь эсэргүүцээд дайн зарлаад. Тэр дээр нь монголын парламент хамгаалалт болж яваад, нөгөө хүнээ аваад хаячихсан юм шиг ойлголт төрүүлсэн. Бичиг баримт, он цагийг нь харахаар 2007 од МУ-ын УИХ Засгийн газартаа үүрэг өгчихсөн байсан. Стратегийн орд газруудыг эзэмших компаниудтай хэлэлцээр хий, ашигт малтмалыг хуультай нь нийцүүлж орж ир гэж. Тэр ажлаа хийгээгүй. Тэр ажлыг нь та одоо хийх үү
Нэр дэвшигч Г.Занданшатар: УИХ-аар баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль, ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх нь Ерөнхий сайдын үүрэг байх ёстой. Баялгийн шударга хуваарилалт, олон нийтийн эрх мэдэл, итгэлцэл, төрийн эрх мэдэлд сөргөөр нөлөөлдөг асуудал ашигт малтмалын шударга бус хуваарилалт ил тод бус байсныг оруулж байгаа. Ийм учраас бүх зүйлийг ил тод болгох хэрэгтэй. Хөрөнгө орлогоос эхлээд ил тод болгох. Ил тод байдал бол асуудлыг шийдэх гарц мөн.
Стратегийн ордуудтай гэрээ хийх асуудлыг ард түмний өмнө нээлттэй хийх хэрэгтэй. Ил тодоор зохион байгуулна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Үлдсэн минутдаа танд захиасаа хэлмээр байна. PR-аа бодолтой хийгээрэй Г.Занданшатар дарга аа. Та хэвлэлд цочимтгой шүү. Цочимтгой хүн огцом үйлдэл хийдэг. Огцом үйлдэл нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байдаг. Тийм учраас хар бараан PR, худал хуурмаг байдлаас тэс эсрэгээр нь ил тод нээлттэй ажиллаарай.
Хоёрт, Төр сэтгүүл зүй хоёрын хооронд байгаа мөнгөн холбоосыг тас цохиорой. Төсвийн мөнгөөр хэвлэлийнхнийг угждаг асуудлыг болиулаарай. Үүн дээр манлайлж ажиллаарай.
Хэвлэлийн эрх чөлөө нэртэй хэвлэлийн эрх чөлөөний эсрэг заалтуудтай өмнөх Засгийн газрын өргөн барьсан хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг буцаан татаарай. Мөн бизнесүүдтэйгээ өстэй юм шиг ажиллахаа болих хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлүүдээ хайрлаж ажиллаарай гэж захимаар байна.
Шууд дамжуулалт: