Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
2025.06.13 10:18
1666
Шинэ Ерөнхий сайд гишүүдэд “байцаагдах” үедээ хэлсэн онцлох эшлэлүүд

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг сонгох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /2025.06.12/ 14 цагаас эхлэн, 24 цаг хүртэл үргэлжиллээ. Энэ үеэр Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар УИХ-ын гишүүдийн сонирхсон асуултад хариулсан хариултуудаас онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна. 

Эдийн засгийн чиглэлээр:

  • Энэ долоо хоногт багтаж Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулна.
  • Наадмаас өмнө Төсвийн тодотгол хийнэ. 2025 онд бусдаар гүйцэтгүүлэхээр төлөвлөсөн урсгал зардал 1.9 их наяд, бараа, үйлчилгээний зардал 1.2 их наяд, хөрөнгө оруулалтын зардал 7.6 их наяд төгрөг байна. Эдгээрээс хамгийн түрүүнд танахаас өөр арга байхгүй.
  • Эдийн засаг хүндрэлтэй үед 14 мега төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд залгамж чанарыг баримтална. Цоо шинэ дугуй зохион бүтээх цаг хугацаа байхгүй. Гэхдээ санхүүжүүлэх боломжоо харгалзан үзэж, эрэмбэлнэ гэдгээ бид ярилцсан.
  • Сэргээгдэх эрчим хүч рүү шилжих нь дэлхий нийтийн хандлага. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоотой. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр томоохон төслүүд хэрэгжүүлж, дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна гадагшаа экспортлох зорилт тавин ажиллана.
  • Нэг салбарын бүтээгдэхүүний экспорт, нэг улсын зах зээлийн хамаарлыг бууруулахын тулд Евроазийн зах зээл рүү ноос, ноолуур экспортлох нь эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн нэг чухал чиглэл байх болно. Ухдаг шар алтнаас “ургадаг цагаан алт” руу шилжихэд нэг тэрбум ам.долларын нэмүү өртөг бүтээж, 50 мянган ажлын байр бий болгоно.
  • Ажиллах хүчнээ гадагш гаргаж чадавхжуулаад эргээд эх оронд нь татан ирүүлэх бодлого баримтална.
  • Хэрэглээний сагсандаа анхаарахгүй, хэт том юм яриад байгаа нь үнэн. Иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд орлогын бодит өсөлт, өндөр бүтээмжтэй ажлын байрыг бий болгоход анхаарч ажиллана.
  • Нэрийн төдий ажиллаж байгаа Чөлөөт бүсүүдийг Чөлөөт бүсийн тухай хуулийн хүрээнд бие даан ажиллуулж, боомтын нэвтрүүлэх чадварыг дээшлүүлнэ.

Татварын чиглэлээр:

  • Төсвийн тодотгол хийж, зардлаа бууруулах тул татварыг шууд бууруулна гэж хэлж чадахгүй. Валютын ханшийг өсгөөд байгаа виски, автомашин гэх мэт тансаг хэрэглээний, импортын зарим барааны татварыг нэмнэ. Харин дундаж давхаргыг дэмжинэ.
  • НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх зарчим баримтална.
  • НДШ нь бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа. Нөгөө талдаа сангийн үр ашиггүй зардлыг бууруулна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх талаар:

  • ҮХНӨ хийхдээ хэн нэг хүний дур зоргоор биш ард түмнээсээ асууж байж хийдэг байх нь Ардчиллын зарчимд нийцнэ.
  • Үндсэн хуульд оруулсан аливаа өөрчлөлт нь найман жил болж байж үр дүнгээ өгдөг гэж Б.Чимэд гуай үзсэн юм билээ. Тиймээс үүнийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд тусгаж өгсөн байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгох тухай заалтад найман жил “гар хүрэх” боломжгүй гэсэн үг.
  • ҮХНӨ болон УИХ-аас баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх нь эр зориг төдийгүй бидний хүсэл мөрөөдөл тул эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх нь миний нэр дэвшсэн нэг шалтгаан мөн.
  • Асгатын мөнгөний ордыг төрд авчрах ажлыг анх эхлүүлсэн хүний хувьд үйл ажиллагаатай нь танилцаад, тодорхой чиглэл гаргана.
  • ҮХНӨ-ийн хүрээнд аймгийн төвүүд болон нийслэлийн дүүргүүдийг хот болгох эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Хот байгуулах туршлага дутмаг, социализмын үеийн хот байгуулдаг уламжлалт зарчмаасаа татгалзаж, эдийн засгийн корпораци байдлаар, өөрөө өөрийгөө авч явдаг систем хэлбэрээр хот байгуулалтыг үргэлжлүүлнэ.
  • Бүсчилсэн хөгжлийг бодитой болгохын тулд бүсүүдийн эдийн засгийн төвийг эхлээд тодорхойлох ёстой.

Эрүүл мэндийн талаар:

  • ЭМДС-г зөвхөн ЭМЯ-д хамааруулах нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх эрсдэлтэй. Сан нь хараат бус, бие даасан, мэргэжлийн удирдлагатай байх ёстой.

Боловсролын чиглэлээр:

  • Хүний хөгжил бол ёс суртахуун, боловсрол, эрүүл мэнд.
  • Шинэ Засгийн газар монгол хүний хөгжлийг бодлогынхоо цөмд нь, иргэдийнхээ эрхийг шийдлийнхээ голд нь тавьж асуудалд ханддаг, ард түмний Засгийн газар байхыг эрхэм зорилгоо болгож ажиллана. Чадварлаг, бүтээмжтэй, эрүүл саруул, дэлхийд өрсөлдөх чадамжтай монгол хүний хөгжилд чиглэж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц реформыг эрчимжүүлнэ.

 Бусад:

  • Олон нийтэд таалагдахын тулд яамдын тоог цөөлж бужигнуулах нь алсын хараатай ажил биш.
  • Төрийн бүх худалдан авалтыг цахим системд шилжүүлсэн. Гэхдээ төрийн онц чухал обьект, зэвсэг техник худалдан авах гэх мэт үндэсний аюулгүй байдалтай холбоотой худалдан авалтыг нууцалдаг. Төр төмөр илд, цагаан сүү хоёрыг энгэртээ хадгалж явдаг субьектын хувьд огт нууцгүй байж болохгүй.