Улс төр “улайссан” өдрүүд үргэлжилсээр. Намынхаа Удирдах зөвлөл, Бага хурал, УИХ-аар дамжин явсаар Г.Занданшатар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон мэдээтэй өнөө өглөөг бид эхлүүлсэн. Гэхдээ олон хүн урьд шөнийн 24 цаг хүртэл чуулганы хэлэлцүүлгийг сонсож, өөр өөрийнхөөрөө шинэ Ерөнхий сайдаа үнэлж, дүгнэж суусан биз ээ.
Бүтэн 10 цаг үргэлжилсэн энэ хуралдааны үеэр УИХ-ын 68 гишүүн асуулт тавихад нэр дэвшигч огтхон ч торохгүй, тодрох гэж оролдолгүй, товч тодорхой, бас ч гэж оновчтой бөгөөд үнэнээр хариулж байв. Чухамдаа, Ерөнхий сайдад нэр нь анх яригдаж эхлэх үеэс түүнийг зориггүй, харизмгүй, тойрогтоо хүлээн зөвшөөрөгдөөгүй хүн Ерөнхий сайд хийхэд тохиромжгүй хэмээн шүүмжилж байсан олон хүн харах өнцгөө өөрчилж, хүлээн зөвшөөрч эхэлсэн нь олон нийтийн сүлжээнд хөврөх нийтлэл, сэтгэгдлүүдээс тодхон харагдана.
Угаас Г.Занданшатар гүйцэтгэх засаглалд орж ажиллалаа гэхэд шинэ хүн биш л дээ. УИХ-д гурвантаа сонгогдохоосоо ч өмнө Засгийн газрын бүрэлдэхүүнд хоёр удаа орж, эхлээд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар, дараа нь Гадаад харилцааны сайдаар томилогдон ажиллаж байсан удаатай.
УИХ-ын нэгдсэн чуулган дээр түүний хэлсэн хариултуудаас дараах дүгнэлтүүдийг тоймлож болохоор. Тухайлбал:
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Засгийн газартаа ямар нэр өгөх талаар асуухад ямар нэртэй байх нь чухал биш гэсэн ч “Нэг Монгол”, “Нэгдмэл Монгол” гэсэн уриан дор ажиллахаа илэрхийлснээс дүгнэхэд тэр ямар ч байсан бусад намуудтай хамтарч засгаа байгуулахаар төлөвлөж байгаа бололтой.
Мөн Г.Занданшатар нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүн тул түүнийг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах вий гэж олон хүн хардаж байсан бөгөөд энэ эргэлзээг ч "тас цохилоо."
Тэрээр үүнийгээ “Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгох өөрчлөлтийг 2019 онд хийсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар нэмэлт, өөрчлөлт хийсэн заалтад найман жилийн дотор “гар хүрэх” боломжгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн энэ талаар санаа зовох шаардлагагүй” хэмээн тайлбарласан юм.
Тэр үнэн байхыг чухалчилж буйгаа онцолсон. Тиймдээ ч олон нийтэд таалагдахын тулд яамдын тоог цөөлнө гэж амласангүй. Нэр солих, нэг үсэг солиход ч асар их зардал гардаг тул Засгийн газрын бүтэц болон яамдын нэрийг өөрчлөхөөс зайлсхийж байгаа бололтой.
Мөн үе үеийн сонгуулиар нам, эвсэл, улс төрчид татварын дарамтыг бууруулна гэж гоё сайхан амладаг жишгийг эвдэж, тансаг хэрэглээний импортын татварыг нэмнэ гэж зоригтой дуугарлаа.
Ажлаа хүлээж аваад Засгийн газрын бүтцээ батлуулж, бүрэлдэхүүнээ томилсны дараа хамгийн түрүүнд хийх ажил нь 2025 оны Төсвийн хуульд тодотгол хийнэ гэж тэр мэдэгдсэн. Өмнөх Засгийн газрын үед төсөв тодотгохгүйгээр зардлаа хянаж танах байдлаар зохицуулах боломжтой хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэж байсан болд энэ удаагийн танхимын тэргүүн тодотголыг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж байгаа аж. Тэгэхдээ эмч, багш зэрэг төрийн байгууллагын ажилтнуудын цалингийн нэмэгдлийг танах боломжгүй тул 2025 онд бусдаар гүйцэтгүүлэхээр төлөвлөсөн 1.9 их наяд төгрөгийн урсгал зардал, бараа, үйлчилгээний 1.2 их наяд төгрөг, хөрөнгө оруулалтын 7.6 их наяд төгрөгийн зардлаас хамгийн түрүүнд танана гэдгээ мэдэгдсэн.
Мөн эдийн засаг хүндрэлтэй байгаа тул 14 мега төслийг санхүүжүүлэх боломжоо харгалзан, эрэмбэлж хэрэгжүүлэх талаар өмнөх Ерөнхий сайдтай зөвшилцөөд авч. Тухайлбал, нэн тэргүүнд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих төслүүдийг хөдөлгөхөө зарлалаа.
Үг хэлж байгаа гишүүн бүр л түүний мэдлэг, туршлагыг хүлээн зөвшөөрч, амжилт хүсэв. Ерөнхийдөө хурал эхнээсээ дуустал аядуу зөөлөн уур амьсгалтай, улс төржилт багатай болж өнгөрсөн нь ойр хожид үзэгдээгүй үзэгдэл байв.
Хоёр парламентын даргаар улиран ажиллахдаа D-Parliament платформыг санаачлан байгуулж, иргэд төрийн шийдвэрт бодитойгоор оролцох боломжийг нээж өгсөнийг энд мөн дурдах нь зүй. Түүнчлэн хурлын дундуур орж ирээд улс төржсөн эсвэл попорсон хэдэн үг хэлчихээд гараад явдаг том толгойтой гишүүдийнхээ үг хэлэх эрхийг ирцтэй нь холбож дэгэнд оруулсан нь өнөөг хүртэл мөрдөгдөж байгаа. Энэ мэтчилэн парламентад шинэ салхи сэвэлзүүлэх оролдлого хийж байсан энэ эрхэм эдүгээ гүйцэтгэх засаглалыг толгойлох хариуцлагатай үүргийг хүлээж авлаа.
Худалдааны тарифаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хүндрэл Монголын эдийн засгийг ч тойрсонгүй. Дээр нь улс төрийн хувьд эрх баригч намын хагарал монголын зовлон болоход энүүхэнд болоод байгаа. Энэ бүхний эвийг олж, Ерөнхийлөгчтэй ч, УИХ, түүний дотор сөрөг хүчинтэй ч ойлголцож чадах, намынхаа хагарлыг “наалдан пад” болгодоггүй юм гэхэд “нанчилдаан” болгочихолгүй барьж чадах тийм л Ерөнхий сайдыг нийгэм хүлээж байсан. Одоо түүнд ухрах зам байхгүй. Түүнийгээ ч өөрөө шулуухан дурдсан. Ухрах, урагшлах нь өөрийнх нь гарт!