МСНЭ, Хятадын ӨМӨЗО-ны ХМА-тай хамтран туршлага судлах уулзалтыг зохион байгуулаад 7 дахь жилийн нүүрийг үзэж байна.
Энэ удаад Монголын хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчид БНХАУ-ын сэтгүүлчидтэй хамтран ӨМӨЗО-ны Тунляо, Улаан хад, Ухань зэрэг хотоор зочлон тус улсын бүтээн байгуулалт, аялал жуулчлал, хүнс үйлдвэрлэл, өв уламжлал, эрчимжсэн МАА, технологийн хөгжил, уламжлалт анагаах ухаан гэх зэрэг салбарын хөгжлийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байгаа юм.
Сурвалжилгын баг өнөөдөр Улаанхад хотын Баарин баруун хошууны “Бор ус” гацаан дах “Сайнаа” хонины эрчимжсэн МАА-н хоршооллын фермд очиж мэдээлэл авлаа.
“Сайнаа” хоршоолол нь нийт махны үүлдрийн 2000 хонь үржүүлдэг ферм бөгөөд нутгийн монгол эм хонийг африкийн хар толгойт хуцтай эрлийзжүүлж, дахин Англи үүлдрийн цэвэр хуцтай эрлийзжүүлсний дараа махны чиглэлийн хар хонь гарган авч "Талын хар сувд” хэмээн нэрлэжээ.
Энэ хар хонины 4 сартай хурга нь амьдын жингээрээ 50 кг татдаг бөгөөд хамгийн удаандаа 10 сар болгоод нядлахад амьдын жингээрээ 100 кг жин татаж, үүний 50-55 хувь өөхгүй цэвэр махны гарцтай байдаг гэдгийг мэдээлэв.
Тус хоршоо “Талын хар сувд” хонины хургыг 2 сараас нь эхлэн өөрсдийн тариалангийн талбайд тарьж бэлтгэсэн эрдэнэшиш, ногоон тэжээлийн холимог тэжээлээр бордоход амьдын жин нь өдөрт дунджаар 500 гр-аар нэмэгддэг байна.
Дашрамд сонирхуулахад Өвөр монголд 1 кг хонины мах ойролцоогоор 65-70 юань буюу 60-70 мянган төгрөгийн үнэтэй байдаг бол амьд хонь жингээсээ хамаарч 0..85-1.7 сая төгрөгийн үнэ хүрдэг байна.
Үргэлжлүүлэн Улаан хад хотын Баарин баруун хошууны сүү цагаан идээний хоршооллын “Марсын тал” компанитай танилцлаа.
“Марсын тал” компани нь 2022 онд малчдын хоршоонд тулгуурлан байгуулагдсан бөгөөд өдгөө хоршооны болон бусад 19:51:51малчдаас өдөртөө 1.8-2.2 тонн сүүг литр тутмыг нь 3.2 юань буюу 1700 орчим төгрөгөөр татан авч, 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.
Үүнээс онцлон ааруул хурууд, өрөм зөөхий, шар тос зэрэг бүтээгдэхүүнийг Улаан хад хот, Хөх хот, Эрээн хотын аялал жуулчлалын газрууд болон дэлгүүрүүдэд хүргэж худалдаалдаг аж.