Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Фам Минь Чинь баяр хүргэж, захидал ирүүлжээ.
Захидалд,
“Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Танд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Вьетнам, Монголын уламжлалт найрсаг харилцаа сүүлийн 70 жилийн турш олон салбарт тасралтгүй өргөжин хөгжиж ирсэнд миний бие туйлын баяртай байна. Энэ нь Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 9 дүгээр сард манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Вьетнам – Монголын хооронд иж бүрэн түншлэл”-ийн харилцааг албан ёсоор тогтоосноор нотлогдож байгаа билээ.
Вьетнамын Засгийн газар төдийгүй миний бие хувиасаа хоёр орны ард түмний хүсэл эрмэлзэл, хамтын ашиг сонирхолд нийцсэн энэхүү иж бүрэн түншлэлийн харилцааг үр өгөөжтэй, бодит агуулгаар баяжуулан цаашид улам бүр бэхжүүлэн хөгжүүлж, бүс нутаг болон дэлхий дахины энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө Монгол Улсын Засгийн газар болон Тантай нягт хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.