m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ
2025.06.16 11:25
4404
Г.Занданшатар “мэс өвөртөлсөн” сайд нарыг улираадаг жишгийг халж чадах уу

Хамтарсан Засгийн газрын халааг хүлээн авсан Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Заданшатар өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт УИХ-ын нэгдсэн чуулган дээр гишүүдэд “байцаагдахдаа” хэрвээ томилогдох юм бол энэ долоо хоногтоо багтаан, бүтцээ батлуулна гэсэн ч баасан гарагийн хуралдаанаар эл асуудлыг яаралтай горимоор хэлэлцсэнгүй. Энэ нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, квот дээр нам дотроо болон бусад намуудтай тохиролцож чадахгүй байгаатай холбоотой гэж улс төрийн хүрээнийхэн харж буй.

Г.Занданшатар танхимынхаа бүтцийг хэрхэн зурах бол, бүрэлдэхүүнд нь хэн хэн орох бол гэж олон нийт анхааралтай ажиглаж байгаа энэ цаг үед УИХ-д анх удаа сонгогдсон, залуу гишүүдийн зүгээс огцорсон Засгийн газрын сайд нарыг дараагийн танхимд дахин томилохгүй байхыг шаардаж байна гэсэн мэдээлэл түгсэн. Гэвч тэдний шаардлага нь сонгогдсон бүс, хэлбэр, тоогоор ялгаварлахгүйгээр мөн аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байхаар, түүнчлэн ард түмний мандатаар сонгогдсон УИХ-ын гишүүдээс Засгийн газрыг бүрдүүлэхийг  шаардсан агуулгатай байгаа юм. УИХ-ын гишүүн Э.Болормаагийн албан бланк дээр бичиж, МАН-ын Удирдах зөвлөлд хаягласан энэхүү шаардлагад 30 гишүүн гарын үсэг зурж нэгдсэн бөгөөд “экс” сайд нарыг дахин томилохгүй байх агуулга тусгагдаагүй байна. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг өөрөө сонгодог байх Үндсэн хуулиар баталгаажсан эрхэнд нь халдаж байна гэдэг шүүмжлэл тэднийг дагаж буй.

Тэгэхээр Г.Занданшатар УИХ дахь АН-ын бүлгээс бусад намд Засгийн газарт хамтран ажиллах санал тавьсан ч тэд квотоо чамласан төдийгүй парламентын гаднаас нэмж сайд томилох санаагаа илэрхийлсэн байж болзошгүй. Тиймдээ залуу гишүүдийг өмнөө барин, ийм “жүжиг дэглэж” байж ч мэдэх. 

Ямартай ч өмнөх Засгийн газрын гишүүдээс Б.Жавхлан, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр, Н.Учрал, С.Бямбацогт нар дахин сонгогдох хамгийн өндөр магадлалтай байгаа. Парламентын гаднаас Я.Содбаатар орж ирж магадгүй. Намын “генсек” нь ЗГХЭГ-ын дарга болж, дараа нь намаа удирдан, улмаар Ерөнхий сайд болдог “соёл” Ардын намд хэвшсэн шүү дээ.

Нэг Засгийн газар огцорч, дараагийн засаг байгуулагдахад өмнөх сайд нараас улиран сонгогдох тохиолдол манайд өмнө нь нэг бус удаа тохиолдож байсан. Түүхийн хуудсыг сөхье.

С.Баяр 2007 оны 11 дүгээр сард анх Ерөнхий сайдаар томилогдож, дараагийн парламентаас дахин Ерөнхий сайдаар томилогдон, нийт хоёр жил гүйцэтгэх засаглалыг тэргүүлсэн ч элэгний өвчтэй гэсэн шалтгаанаар хугацаанаасаа өмнө албаа өгсөн. Тэрээр хоёр дахь Ерөнхий сайдаар томлогдохдоо засгаа АН-тай хамтарч байгуулсан бөгөөд түүнийг огцорсны дараа танхимынх нь гишүүдээс  С.Баярцогт, Д.Зоригт нар Сү.Батболдын Засгийн газарт үргэлжлүүлэн ажилласан байдаг.

2012 онд АН парламентад олуулаа болж, намын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар томилогдон, “Шинэчлэлийн” Засгийн газрыг байгуулсан бөгөөд 2014 онд Н.Алтанхуягийг огцуулахад түүний кабинетад байсан Ч.Сайханбилэг дараагийн танхимын тэргүүнээр, С.Эрдэнэ, Лу.Гантөмөр нар улиран сайдаар томилогдсон байдаг.

Герман, франц, япон гээд дэлхийн бусад оронд нэг засгийн газар огцроход зарим  сайд нь дараагийн танхимд улиран сонгогдож л байдаг. Үүнийг төрийн залгамж чанараар тайлбарлах нь бий.

Гэхдээ манайд төрийн бодлогыг залгамжлуулахаас илүүтэй Ерөнхий сайд нь нам доторх фракцуудын шахалтад орж, тэдний эрх ашгийг хангах шаардлагаар хуучин сайд нарыг дахин томилдог гэвэл үнэнд арай дөтлөх биз. Тэдгээр сайд нар нь өнөөх фракцуудад үйлчилсэн гэсэн үг шүү дээ. Тэгээд ч улирсан сайд нар голдуу өөр салбар толгойлж үлддэг нь ч үүний нэг нотолгоо биш гэж үү?

“Экс” Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч мөн өөрийг нь үлдээх эсэх асуудлыг чуулганаар хэлэлцэж байхад “Үе үеийн Засгийн газрыг огцруулсан хүмүүс дандаа кабинет дотроосоо байдаг. Энэ удаагийн асуудлыг ч мөн танхим дотроос эхлүүлсэн. Хэдийгээр Үндсэн хуульд Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлнэ гэж заасан ч бодит байдал дээр энэ нь хэрэгждэггүй” гэсэн үг унагаагаад авсан.

Тэгэхээр Г.Занданшатар танхимаа бүрдүүлэхдээ өмнөх сайд нар гулсдаг жишгийг халж чадвал өөрийнхөө кабинетыг дотроосоо самруулахаас сэргийлэхээс гадна дараа дараагийн Засгийн газруудад том буян үйлдэнэ. Эсб өгөөс "мэс өвөртөлсөн" сайд нар үеийн үед байсаар л байх болно. Энэ нь Засгийн газрын насыг богиносгох нэг гол хүчин зүйл болж байгааг анхааралдаа авна уу, Г.Занданшатар сайд аа!