Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Гадаад мэдээ
2025.06.16 13:34
152
Хятад маягийн шинэчлэлт буюу дэлхийн загварын нийслэл Ухань

Байгалийн баялаг, өндөр хөгжсөн усан тээврийн ачаар тус хот Хятадын болон гаднын соёлыг хослуулсан төв болжээ. Хятадын арван том хотын нэг болох Ухань нь уртаараа дэлхийд гуравт, Азидаа нэгт ордог Хөх мөрний сав газар сүндэрлэсэн экологийн цэвэр хот юм.

Өдгөө тус хотод дэлхийн ирээдүйн хотуудын жишиг болсон хотын хөгжлийн дэвшилтэт ололтуудыг нэгтгэсэн цогцолборууд сүндэрлэн босож байна. Хятадын тээврийн гол зангилаа Ухань хот тус улсын баруун, зүүн, өмнөд, умард нутгийг холбодог.

Төмөр замын тээврийн гол зангилааны нэг болсон Уханийн зорчигч тээврийн жилийн эргэлт 71 сая хүн. Хятадын төвийн бүсийн томоохон олон улсын нисэх онгоцны буудлууд Ухань байрладаг. Инновац, бизнесийн хотод Дунху технологийн бүс байрладаг. Тус хотын 89 их, дээд сургуульд нийт 1.3 сая оюутан суралцдаг бөгөөд улсын 31 лаборатор, 95 эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн бий.

Эл хотод Хятадын шинжлэх ухааны академи, Инженерийн шинжлэх ухааны академийн 68 академич, Нобелийн шагналтай зургаан эрдэмтэн ажиллаж, амьдардаг аж.

2017 онд Ухань хот Дэлхийн загварын нийслэлээр тодорч, “Хотын инновацийн шагнал”-ыг хүртсэн Хятад улс дахь цорын ганц хот болж байжээ.

Дэлхийн хамгийн урт гүүрнүүдийн 50 хувь, Хятадын өндөр хурдны төмөр замын 60 хувь нь Уханий дизайнеруудын бүтээл юм. Мөн хотод “Угаар багатай Үхань” хэмээх ухаалаг платформ иргэдийн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багассан тоо хэмжээг бүртгэж, урамшуулал болгон олгодог шинэ тогтолцоог бүрэн хэрэгжүүлжээ. Жишээ нь 1000 грамм нүүрстөрөгчийн бууруулалт = 2 юань гэж тооцон, “Чүхүй LIFE” эсвэл Угаар багатай Үхань” апп дээрээс ипотекийн зээл, хэрэглээний зээлийн хүүг шууд тэгшитгэх байдлаар ашиглаж болно.

Энэхүү урамшууллын хөтөлбөр 2025 оны 12-р сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм. Ухань хотод нийт 500 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ тоогоор тус хот Хятад улсад 13-т бичигддэг байна. Уханьд дэлхийн шилдэг 13 эм үйлдвэрлэгч компанийн найм нь байрладгаас гадна Францын “Peugeot Citroen”, “Renault”, Японы “Honda”, Хятадын “Dongfeng” зэрэг автомашины есөн үйлдвэр бий. Дэлхийд алдартай “Peninsula”, “Shangri-La”, “Hilton”, “Marriott” зочид чуудал, “McDonald's”, “Pizza Hut”, “KFC” зэрэг түргэн хоолны сүлжээ, Германы “Siemens”, Хятадын “Xiaomi” зэрэг компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг байна.