2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна. Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөжээ. Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Мөн “Хархорум” хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Түүх соёлын олон төрөлт аялал жуулчлалын хот
Хөдөө, аж ахуйн кластер төв хот
Шинжлэх ухаан, өндөр технологийн үйлдвэрлэлийн хот
Олон улсын бизнес, хамтын ажиллагааг хөгжүүлсэн хот
Хангайн бүсийн тээвэр, логистикийн төв хот
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.