УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл өглөө. Бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ “Бүлгийн хуралдаанаар гурван багц асуудал хэлэлцлээ. 2016 оноос хойш Монгол Улсын авлигын индекс 42 байраар ухарсан. Энэ нь эдийн засаг дахь төрийн оролцоо бүх салбарт нэмэгдсэнтэй холбоотой. Хоёрдугаарт, иргэдийн ахуй амьдрал, үнийн өсөлт, бодит орлоготой холбоотой тодорхой шаардлагуудыг шинэ Засгийн газар Мөрийн хөтөлбөрөө гаргах болон Төсвийн тодотголыг хийхдээ анхаарч хэрэгжүүлээсэй гэж тодорхой шаардлага тавьж байна. Гуравдугаарт, эрчим хүчний эх үүсвэр, хангамжтай холбоотой.
Дөрөвдүгээрт, энэ долоо хоногт УИХ-аар АН-ын бүлгийн гишүүдийн санаачилсан хоёр хуулийн төслийг хэлэлцэнэ. Эхнийх нь Х.Тэмүүжингээр ахлуулсан, 20 гаруй гишүүн санаачилсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл. Удаах нь Түвшин нарын гишүүдийн өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хууль. УИХ энэ долоо хоногоос хэлэлцэх асуудал багатай болж байна. Уг нь Монгол Улсад маш олон асуудал тулгамдаж байгаа” гэв.
О.Цогтгэрэлийн мэдээллийн дараа тус бүлгийн дэд дарга Б.Жаргалан Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлж буй бодлогын шаардлагаа танилцууллаа.
Дараа нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин боловсруулж буй хуулийн төслийнхөө талаар мэдээлэл өглөө. Уг хуулийн төсөлд таван үндсэн асуудлыг хөндсөн байна. Энэ талаар хэлэхдээ:
Нэгдүгээрт, УИХ дахь бүх намын гишүүдийн төлөөлөл оролцон, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан. Эрүүгийн хуульд “худал мэдээлэх” гэдэг гэмт хэрэг бий. Үүн дотор хуулийн этгээдийн алдар хүндэд халдсан бол гэдэг ойлголт байгаа.
Сүүлд Эрүүгийн хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан, төрийн байгууллагууд гомдол гаргадаг болсон. Иргэнтэйгээ заргалддаг жишиг бий болж, нэг бус нэлээд хэдэн шүүхийн шийдвэр гарч, цөөнгүй иргэн ял шийтгүүлсэн. 1992 оны Ардчилсан Үндсэн хуулийн үзэл санаагаар төр иргэнтэйгээ өрсөлдөхүйц нэр төртэй байхыг хориглодог. Нэр төр гэдэг бол зөвхөн иргэний эрх чөлөөний нэг хэсэг байдаг. Тийм учраас “хуулийн этгээд” гэдэг нэр томъёог ашиглаж, төр иргэнээсээ давсан нэр төртэй байх гажуудал бий болсон.
Ардчилсан улс оронд төр хуулийн этгээдийн эрх эдэлдэг ганцхан тохиолдол байдаг. Энэ бол иргэний маргаан. Гэтэл төр Эрүүгийн хууль буюу нийтийн эрх зүй дээр үүнийг ашиглах гэж оролдох болсон тул “Төр “хуулийн этгээд” гэдэг нэр томъёонд хамаарахгүй” гэдэг тайлбар хийж өгсөн.
Хоёрдугаарт, нийгэмд аюултай шинж чанар, хор уршиг гэх мэт нэр томъёог Эрүүгийн хуульд 2017 оны нэмэлт, өөрчлөлтөөр тусгасан байсан. Уг нь 2015 онд иймэрхүү социалист ойлголтуудыг халсан байдаг. Шүүхээс гарч байгаа бараг бүх шийдвэрт нийгэмд нөлөөлж буй аюултай шинж чанар гэсэн утга бүхий шийтгэх тогтоол унших болсон. Энэ ойлголтыг халахын тулд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж байгаа юм. Та бүхэн анзаарсан бол Ардчилсан улс орнуудад хүнээс гадуур хэн нэгнийг яллахыг хориглодог. Тийм учраас хэмжигдэхүйц маш тодорхой ойлголтууд бичиж байж хүнийг буруутгадаг. Нийгэмд аюултай үйлдэл хийсэн гэдгийг хэн ч хянах боломж байхгүй. Ийм субьектив байдлаар игэдийг яллаж байгаа байдлыг Эрүүгийн хуулиас халах ёстой.
Гуравдугаарт, мөрдөн шалгах ажиллагааны нууц гэж бий. Үүнийг хэт хавтгайруулснаас болоод уг нууцыг хадгалах үүрэггүй этгээд хүртэл ял эдэлдэг жишиг тогтсон. Сэтгүүлчид ч нэг бус шийтгэгдсэн. Иймд Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хэсгийг шинэчлэн найруулж, 2015 оны Эрүүгийн хуулийг бичиж байсан үзэл санаагаар буцаад бичиж байна. Төрийн нууцыг зөвхөн хадгалах үүрэгтэй албан тушаалтнууд болон хууль сахиулагч нарт үүрэг хүлээлгэж байна. Иргэд ганцхан тохиолдолд л эрүүгийн хариуцлага хүлээнэ. Тэр нь нууцалсан гэрч ил болсон тохиолдолд. Хавтаст хэрэг доторх бусад мэдээллиг мэдээлсэн иргэн энэ хууль батлагдсаны дараа Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээхгүй болно.