Төгрөгийн ханш, төсвийн орлогыг “Алт-3” хөтөлбөрөөр дэмжих үү
Нэг талаас, нүүрсний экспорт буурч, төсвийн орлого 2.5 их наядаар тасалдах нөхцөл байдал хэдийнэ үүссэн. Нөгөө талаас, төгрөгийн ханш суларсаар байгаа. Ийм нөхцөлд шинэ Засгийн газрын өмнө макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах шаардлага тулгарч байгаа юм. Нэг шийдэл нь алт байж болох юм.
Алтны олборлолтыг нэмэгдүүлснээр Монголбанкны худалдан авах алтны хэмжээ ч нэмэгдэнэ. Ингэснээр валютын нөөцийг нэмэгдүүлж, нөгөө талдаа төгрөгийн ханш сулрахаас хамгаалах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн төсвийн орлогыг бүрдүүлэхэд ч тодорхой үүрэг гүйцэтгэх учиртай.
Хамтарсан Засгийн газар “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн ч энэ хөтөлбөр хөдөлсөнгүй. Алтны голлох үндсэн ордуудын талбай нь тусгай хамгаалалттай газар нутагтай давхцаж байгаа. Тухайлбал, Гацуурт, Баавгайт, Эрээн, Шурадгын гол зэрэг томоохон ордуудыг нэрлэж болно. Иймд эхлээд тусгай хамгаалалтаас хэсэгчлэн гаргах шаардлага бий. Учир нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу улсын тусгай хамгаалалтад авсан газар нутагт ашигт малтмалын хайгуул, олборлолт хийхийг хориглосон байдаг. Нэгэнт хуулиар хориглосон болохоор заавал УИХ-аар хэлэлцэж байж, тогтоол гарган хэсэгчлэн хамгаалалтаас гаргах ёстой. Түүнээс Засгийн газар дангаараа шийдвэр гаргах эрхгүй юм.
Эдийн засгийн “амь тариа”
Ямартай ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед холбогдох яамд хамтарсан ажлын хэсэг байгуулж, тодорхой хэсгийг тусгай хамгаалалтаас гаргах УИХ-ын тогтоолын төслийг бэлэн болгосныг эх сурвалж хэлж буй. Гэвч УИХ-д өргөн барьж амжилгүй огцорсон. Шинэ Ерөнхий сайд хамгийн түрүүнд төсөвт тодотгол хийхээ мэдэгдсэн. Тэгэхээр тодотголын хүрээнд дээрх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх боломж бий.
2025 оны эхний таван сарын байдлаар Монголбанк 4.3 тонн алт худалдан авсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрс буурсан үзүүлэлт бөгөөд энэ байдлаараа үргэлжилбэл оны эцэст худалдан авалт 10 тоннд ч хүрэхгүй байх эрсдэлтэй.
Улсын хэмжээнд нөөц нь батлагдсан 572 тонн газар дороо хөдөлгөөнгүй байсаар байгаа. Нэгэнт нөөц нь байгаа болохоор бодлогоо зоригтой шинэчилж, алтны олборлолтыг хуулийн хүрээнд байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр нэмэгдүүлж чадвал Монголын эдийн засагт “амь тариа” болно гэж эдийн засагчид үзэж буй.
Гэвч дээр дурдсанчлан “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд “хуулийн түгжээг тайлах” хэрэгтэй болно. Үүнтэй зэрэгцэн нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудтай ч ойлголцолд хүрэх шаардлага бий.