Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.06.17 12:25
1104
Улс төрийн “булли”-д өртсөн эрхмүүд

Буллидэлт буюу бөөрөлхөх үзэгдэл орчин үед газар аваад байгаа. Энэ нь зөвхөн өсвөр насныханд ч тохиолддог юм биш. Ямар ч насны хэнд ч тохиолдож мэдэх асуудал. Ялангуяа олон нийтийн сүлжээнд маш хүчтэй халдварлан тархдаг үзэгдэл.

Хэн нэгэн олны танил хүн ямар нэг сэдвээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн нь олонход таалагдахгүй бол буллид өртөх “нүхээ малтлаа” гэсэн үг. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд, жүжигчин Ариана гэх бүсгүй “Экстэйгээ энгийн сайхан харилцаатай байдаг бөгөөд хааяа монголд ирэхдээ уулзаж, кофе уудаг. Энэ нь эхнэрт нь таалагдсангүй, европт бол байдаг л үзэгдэл” гэсэн агуулгатай зүйл ярьсан нь нийгмийн сүлжээгээр мэтгэлцэх нэг сэдэв болоод буй.

Харин улс төрийн булли илүү удаан хугацаанд үргэлжлээд байх шиг. Нэхэн санавал:

Улс төрчдөөс хамгийн анх томоохон буллид өртсөн нь Н.Энхбаяр. Парламентын гишүүнээр дөрвөнтөө сонгогдсон тэрбээр 2000 онд МАХН үнэмлэхүй ялалт байгуулахад оройлон ажилласан намын даргын хувьд Ерөнхий сайдаар томилогдож, 2004 онд УИХ-ын даргаар, 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тус тус сонгогдож байсан.

Ийнхүү Монгол төрийн бүхий л өндөр албан тушаалыг эзэгнэж явсан энэ эрхэм 2000-аад оны эхэн үеэс “авлигын загалмайлсан эцэг” хэмээх “алдар” хүртэж, бүр оймсоо гозолзуулан ачигдаж байсан түүхтэй. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад, түүний нэр холбогдсон хэргүүд хожмын эрх баригчид, бизнес бүлэглэлүүдийн хамтарсан хууль засаж, үйлдвэрлэж хийсэн хулгай дээрмүүдийн дэргэд “хүүхдийн тоглоом” л байсан юм билээ.

Н.Энхбаярын дараа Миеэгомбын Энхболдын эрин эхэлсэн. Н.Энхбаярыг УИХ-ын гишүүн байхад дүүргийн Засаг даргын орлогч, ИТХ-ын төлөөлөгч байсан тэрбээр 1999 оноос Нийслэлийн Засаг дарга, 2006 оноос Ерөнхий сайд, 2007 оноос Шадар сайд, 2012 оноос УИХ-ын дэд дарга, 2016 оноос УИХ-ын даргаар тус тус ажиллаж байсан. Газрын наймааг цэцэглүүлж, Улаанбаатарыг төлөвлөлтгүйгээр бетонон ширэнгэ болгоход энэ хүн гол үүрэг гүйцэтгэсэн.

2018 оноос Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Х.Аюурсайхан нарын МАН доторх залуучууд М.Энхболд, Т.Бадамжунай нарын хотын фракцийг хүчтэй эсэргүүцэж гарч ирсэн. М.Энхболд бол МАНАН бүлэглэлийн нэг толгойлогч хэмээн цоллож, төрийн дээр, хуулийн дээр гарсан улс төр-бизнесийн бүлэглэлээс төрөө, улсаа аврах кампанит ажил өрнөсөн гэхэд болно.

М.Энхболдыг сэнтийгээс нь буулгах гэж төв талбайд монголчууд 40, 50 мянгуулаа цуглаж байлаа. Ийнхүү  2019 оны эхээр М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгаж, засгийн эрхийг гартаа авч байв.

М.Энхболдыг “булли”-дэж эхлэхтэй зэрэгцэж хоршоо үг мэт нэрлэгдэж явсан эрхэм бол Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тэднийг хамтад нь МАНАН мафи хэмээн нэрлэж байлаа. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, ХХБ-ны ТУЗ-ийн дарга “сахал” хочит Д.Эрдэнэбилэг нар ч мөн “дайвар”-т нь чирэгддэг. Чирэгдэх ч гэж дээ, чухам хэн нь хэнийгээ чирээд байдаг нь эргэлзээтэй. Хэдий Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар монголын хамгийн том даргын албыг хашиж явсан ч Д.Эрдэнэбилэгийг “Монголын эзэн” гэдэг. Манай улсын “саалийн үнээ” болсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувьчилж авсан арга зам болон санхүүжилтийн эх үүсвэр нь хуудуутай, Хөгжлийн банкаас эхлээд бүхий л санг “тоносон” гэмтэй, “Халзан бүрэгтэй” зэрэг баялгийн охь болсон ордуудад эзэн суусан болохоор “улсын эзэн” гэхээс яалтай билээ.

Хэтэвч нэгтэй, тодорхой эрх ашгаараа холбогдсон эдгээр нөхдийн зарим нь эдүгээ эх орондоо ч ирэх нүүргүй, хүний нутагт зүг буруулан амьдарч суугаа. Тэдний нэр олон томоохон хэрэгт холбогддог ч хуулийн дор шалгуулж, аль нэг тийш шийдэгдсэн нь үгүй.

Дээрх эрхмүүдийн араас буллид өртөж эхэлсэн нэгэн бол Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга юм. Энэ хүнтэй ойр ажиллаж байсан олон хүн “аавын хаалга” татсан. Гэсэн ч түүнийг шүтэн биширч, ямар ч цаг үед өмгөөлөх олон фэн бий.  Өөрсдийгөө сэхээтэн, элитийн давхарга гэж үздэг хэсэг хүн тэднийг “мояачууд” гэж нэрлэдэг.

Дээхнэ үед түүнтэй холбогдох “17 чингэлэг спиртийн хэрэг” дуулиан тарьж байсан ч одоогийнх шиг сошл хөгжөөгүй байсан болохоор тэгсхийгээд намдсан. Хожим төмөр зам барина гээд шороо овоолсон гэх хэргээс эхлээд Төгрөгийн ордыг гадныханд зарж үрсэн гэх “ял” нэмэгдэж буй.

Х.Баттулгын дэргэд “Херо” Баатараас эхлээд монголын хамгийн хүчтэй PR-ын баг цугласан гэхэд болно. Тиймдээ ч түүн хүн рүү чиглэсэн улс төрийн “булли” сүүлийн хоёр жил сүрхий эрчимжихэд хариу арга хэмжээ авсаар буй. Хэдхэн хоногийн өмнө огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний цаана “женко”-г бий гэж хардаг олон хүн бий. Тиймээс Х.Баттулга АН төдийгүй МАН-ыг базаж байна гэгддэг.

Энэ цаг үед улс төрийн томоохон буллидэлтэд ид өртөж яваа эрхэм бол Монгол Улсын 32 болон 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ.

Зуу орчим жил эрх барьж буй, дотроо талцаж хуваагдсан ч гадааддаа нэгэн цул мэт харагдаж ирсэн “ах” намын дотоод зөрчил, хагарлыг гадагшаа гаргаж, нам төдийгүй төрд бугшсан идээ бээрийг хагалж, эмчлэх гэж оролдсон энэ эрхэм эдүгээ өөрөө нийгмийн дайсан мэт бүллидүүлж байна.

5Ш ажиллагааг эхлүүлж, төрд салхи оруулах гэж эрмэлзсэн ч тогтолцоог үндсээр нь өөрчлөх ажил руу зориглон ороогүйгээс болж түүний оролдлогууд ихэнхдээ бүтэлгүйтсэн. Эцэст нь тэр өөрөө тогтолцооны нэг эрэг шураг болсон ч байж мэднэ. Найз охиндоо сая саяар нь мөнгө зарж, тансаглаж яваа хүүгээ хайхрах завгүй төрд зүтгэсэн үү эсвэл үнэхээр өөрөө ч амьдралаас тасартлаа баяжсан уу гэдгийг хуулийнхан удахгүй тогтоох биз.

"Буллидэлт" нь ганц манайд гарч байгаа юм биш. Бусад орнуудад ч түгээмэл тохиолддог үзэгдэл. Гагцхүү олон нийт хэн нэгнийг нийгмийн сүлжээгээр яллаж байхад хуулийнхан хурдтай ажиллан үнэн мөнийг нь олж, маргаантай сэдвийг нэг тийш болгож байх соёл манайд дутагдаж байна. Бусад оронд хууль бус хэрэгт нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаа шалгаж, хариуцлага тооцдог эсвэл өөрсдөө ард түмнээсээ уучлалт гуйн, огцордгоороо манайхаас ялгаатай байгаа юм. Бид ч тэгээд дорхноо мартдаг, уучилдаг, уужуу ард түмэн дээ.

Эцэст нь хэлэхэд, төрийн өндөр албан тушаал хашиж буй хэнийг ч “буллидэлт” отож байж мэднэ. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ. Хазгай гишгэх эрх үгүй албанд очиж байгаагаа ухамсарлаж, үг, үйлдэл бүрээ цэнэж, зөвд ойр орших аваас түүхийн хуудсанд зам мөр нь цагаанаар үлдэх нь дамжиггүй.