Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2025.06.17 19:02
1178
О.Цогтгэрэл: Яг өнөөдрийн байдлаар манай эдийн засаг шарталтын байдалтай байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн шууд сайд нарын томилгоог ярьж байна. Уг нь аливаа шинэ бүтэц бүрэлдэхүүн ажлаа эхлэхдээ зорилгоо тавиад, тэрэндээ таарсан бүтцээ зураад, бүтцэдээ таарсан хүнээ сонгоод төсвөө баталдаг. Гэвч энэ Засгийн газар эсрэгээр нь эхэлж байна. Тэгэхээр өмнөх Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн сайн байсан. Ийм учраас үргэлжилж байна гэсэн үг үү. Сайд нарын 50 хувь нь буцаж томилогдож байна шүү дээ.

Өнөөдөр төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасарсан байна. Зарим тоонуудыг харахаар хайран он жилүүд өнгөрчээ. Өнгөрсөн 10 жилд уул уурхайн салбараас 90 тэрбум долларын орлого орсон. Түүний өмнөх 10 жилд 30 тэрбум доллар, сүүлийн 10 жилд 3 дахин өндөр орлого олсон байна.

Сүүлийн 10 жилд нэг нам засагласан гэж хэлэхэд болно. Эдийн засгийн эрх чөлөөний индексээр манай улс дөрвөн байраар ухарсан гэсэн судалгаа байна.

Иргэдийн бодит орлого 2019 оны улсын дунджаас доогуур байна гэдэг судалгааг ҮСХ-оос гаргажээ. Гэтэл хуучин сайд нараа улираан томилоод, маш сайн байна гэж дүгнээд байгаа нь зөв үү?

Яг өнөөдрийн байдлаар манай эдийн засаг шарталтын байдалтай байна. Яагаад өөрчлөлт оруулахгүй байгаа юм бэ. Данхар бүтцээрээ, бодлого мөрийн хөтөлбөрийн өөрчлөлт хийхгүй зөвхөн бүтцээ өөрчлөөд урагшилж байгаа нь зөв үү" гэв. 

Ерөнхий сайд Г.Занданшатар "Өнөөдрийн төсөвт учирч байгаа дарамт бол гадаад шок, тарифын дайнтай холбоотой. Нүүрсний үнэ 40-50 хувиар уналаа. Энэ нь манай эдийн засагт дарамт үүсгэж байна.

Бүтэц бүрэлдэхүүнээ бүрэн солих боломжгүй. Учир нь бид хууль эрх зүйн хайчинд байна.

Хоёрдугаарт, Цаг хугацааны хайчинд байна. Наадмын дараа намар гэдэг. Өвөл хаяанд ирлээ. Тэгэхээр гуравхан долоо хоногт бүтцээ өөрчлөөд урагшлах хэрэгтэй. Гуравдугаарт, Нийт сонгогчдын саналыг гээхгүй байх үүднээс өнгөрсөн Засгийн газрын ажлыг үргэлжлүүлнэ. Шинэ Засгийн газар гарч ирээд хуучин Засгийн газрын хийж байсан ажлыг бүхэлд нь үгүйсгээд байх боломж, цаг хугацаа байхгүй" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: