m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
2025.06.18 11:48
2033
"Рэкетчин" цолтой нь цэрэг армийг, гэр бүлийн асуудалтай нь нийгэм хамгааллын салбарыг удирдах нь!

Сахил хүртээд шал дордов! Хамтарсан Засгийн газрыг огцруулсны дараа Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилоход олон нийт харьцангуй эерэгээр хүлээж авсан. Гэвч өчигдөр /2025.06.17/ Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулахад олон ч хүн урам хугарав. 

Өмнөх Засгийн газарт ажиллаж байхдаа хэрэгжүүлж байгаа ажил, бодлогоороо олон нийтийн таалалд нийцээгүй зарим сайдыг улираахаас эхлээд  шинээр оруулж ирсэн сайд нарын сонголт оновчгүй байгаа нь үнээн. Тухайлбал, Эрчим хүчний салбарт байнга алдагдалтай ажилладаг цахилгаан станцуудын хэвийн ажиллагааг хангахын тулд үйлдвэрлэсэн эрчим хүчийг зохистой үнээр борлуулах шаардлага тулгараад удсан ч үе үеийн Засгийн газар үүнийг хийх нь байтугай олны өмнөөс ярихаас айдаг байв. Харин Б.Чойжилсүрэн муу хэлүүлж, өөдгүй хүн болохоос айлгүй хөдөлсөн. Гэвч цахилгаан станцад гарсан дэлбэрэлт л түүнийг огцруулахад хангалттай шалтгаан болж байсан ч ажлаа өгөх нь бүү хэл дахин томилогдоод орж ирлээ.

Мөн салбартаа ашиг сонирхлын зөрчилтэй гэгдэх Б.Дэлгэрсайхан болон Төсвийн хуулийг сайн тооцоолж оруулж ирээгүйгээс сүүлийн нэг жилийн дотор гурав дахь удаагаа тодотгол хийхэд хүрээд байна гэх шүүмжлэлийн бай болж буй Б.Жавхлан нарыг ч нэрлэж болох юм.

Харин шинээр томилогдсон сайд нараас гэр бүлийн асуудалтай хэр нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон Т.Аубакир, мөн Батлан хамгаалахын сайдаар томилогдсон "рэкетчин" хочит Д.Батлут нар илүүтэй шүүмжлэл дагуулж байна.

Д.Батлутын тухайд, ШУТИС-д цахилгааны инженер мэргэжил эзэмшиж, Удирдлагын академид төрийн удирдлагаар суралцсанаас харахад батлан хамгаалах салбарт огт хамааралгүй буюу мэргэжлийн бус нэгэн гэж дүгнэж болно.

Тэрбээр оюутан байхдаа “Эрдэнэт хивс” ХХК-д туслахаар ажиллаж, хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байсан бөгөөд улмаар ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга болон Засаг даргаар ажиллаж байсан, 2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэгэн. Төрийн албанд шинэ хүн биш ч батлан хамгаалах салбарт тохиромжгүй гэдгийг олон нийт төдийгүй салбарынхан ч шивэр авир хийж байна.

2024-2028 оны парламентад хоёр болон түүнээс дээш удаа сонгогдсон 38 гишүүн байгаагийн нэг нь Э.Батлут. Магад энэ үзүүлэлт нь түүнийг сайд болоход нөлөөлсөн байж болох юм. Тэгээд ч МАН-ын бүлэг дотор хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон гишүүдээс сайд нарыг томилдог бичигдээгүй хууль гэх үү “соёл” хэдийнэ бий болсон.

Орхон аймгийн ИТХ-ын дарга болон ЗД-аар ажиллаж байсан тэрбээр аймгийнхаа намын хорооны гишүүдийг баздаг төдийгүй аймгаа хувийн компани шигээ удирдан дарангуйлдаг, тэр ч бүү хэл “Эрдэнэт үйлдвэр”-ийг хүртэл албан бусаар удирддаг гэх хэл ам дагуулж ирсэн байдаг. 

Эх орны хүүг бэлдэн гаргадаг Батлан хамгаалах салбарт дэглэлт, яргаллаас болж хичнээн ч олон аавын хүү эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдлаа даа. Ийм эмзэг салбарыг “рэкетчин" цолтой эрхэм удирдахаар энэ салбарын хувь заяа бүрхэг харагдана.  Бүхэл бүтэн улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг найдвартай хангах үүрэгтэй яам шүү дээ.