Боловсролын үнэлгээний төвөөс 2025 оны Элсэлтийн шалгалтын талаар мэдээлэл өглөө. Тус төвийн Элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал хэлэхдээ:
Өнөөдөр /06.18/-өөс эхэлж, дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү шалгалтад улсын хэмжээнд нийт 50 шалгалтын төв дээр, үүнээс хөдөө орон нутагт 23, нийслэлд 26 шалгалтын төвд шалгалтыг зохион байгуулж байна.
Энэ жил 43 318 шалгуулагч бүртгүүлснээс энэ онд 12 дугаар ангийг төгсөж буй 40 000 гаруй суралцагч байгаа бол үлдсэн нь өмнөх оны төгсөгчид байна.
Шалгалтын зохион байгуулалтад багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, хянагч багшийн ахлагч, зохион байгуулагч багш нар, эмч, үйлчлэгч, цагдаа гэсэн нийт 2966 хүн ажиллаж байгаа бөгөөд үүнээс 1175 нь орон нутагт, 1366 нь нийслэлд ажиллаж байна. Комиссын бүх гишүүнийг танхимын болон онлайн сургалтуудад хамруулсан гэв.
Шалгуулагчид шалгалт өгөхдөө дараах материалыг бүрдүүлсэн байна.Үүнд:
ЭШ-ын математик, физик, химийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлал шалгалтын үргэлжлэх хугацаа 80 минут байна.
Шалгалтын дүн оноог мэдээлэх
Шалгалт дуусмагц, тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд тухайн шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ.
ЭШ-ын дүн оноо бүхий батламж хуудсыг www.eec.mn болон E-mongolia.mn цахим үйлчилгээний нэгдсэн порталд байршуулах ба дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэж авна. ЭШ болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.8 жил /31 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
Элсэлтийн шалгалтын дүн оноог блокчейн сүлжээнд байршуулдаг болсон. Энэхүү технологи нэвтэрснээр мэдээллийг тусгай технологиор шифрлэж хадгалах бөгөөд хэн нэгэн сүлжээнд бичигдсэн мэдээллийг өөрчлөх, устгах боломжгүй. Өндөр хүчин чадалтай тархмал сүлжээнд найдвартай хадгалах боломжтой болсноор цаг хугацаа, зардал хэмнэж, ил тод, нээлттэй, аюулгүй найдвартай байдлыг бий болгож байгаа юм. Мөн ЭЕШ-ын дүн оноог BI системд байршуулснаар боловсролын байгууллагын удирдлага, сургалтын менежер, багш сурган хүмүүжүүлэгчид ЭШ-ын даалгаврын гүйцэтгэл болон танин мэдэхүйн түвшин, агуулгын гүйцэтгэлийг харан судалгаа шинжилгээ хийх боломжтой болсон байна.
Олон улсын шалгалтын дүн, оноо дүйцүүлэх
БШУ-ны сайдын 2021 оны 10 дугаар сарын 06 –ны өдрийн А/347 дугаар тушаалаар батлагдсан “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журмын дагуу олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг Кембрижийн АS /advanced subsidiary/, A /advanced/, болон IB /international baccalaureate/, AP /advanced placement/ түвшний хөтөлбөр, мөн IELTS /International English Language Testing System/, TOEFL /Test of English as a Foreign Language/, SAT /Scholastic Aptitude Test/ шалгалтын үнэлгээг элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх үнэлгээг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байна.
2025 онд 3661 шалгуулагч цахим хүсэлт илгээснээс 2598 шалгуулагчийн хүсэлт баталгаажиж, үлдсэн шалгуулагчдын шалгалтын сертификатын хүчинтэй хугацаа дууссан учир татгалзсан хариу илгээсэн болно.
Цахим хүсэлт илгээгчдийн 48,3 хувь нь SAT, 41,3 хувь нь IELTS-ын шалгалтыг дүйцүүлэх хүсэлт өгсөн байна.
Зөвлөгөө, мэдээлэл
ЭШ-ын зохион байгуулалттай холбоотой асуудлаар БҮТ-ийн www.eec.mn цахим сайт болон facebook/eec.mn пэйж хуудас, mobile APP, myfuture.mn, help.eec.mn, stat.eec.mn гэсэн мэдээллийн эх сурвалжид хандаж хэрэгцээтэй мэдээллээ авч болохоос гадна шалгалтын айдас, түгшүүрээ дарах зорилгоор сэтгэл зүйчтэй чатбокс үйлчилгээгээр холбогдон зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.