Э.Ирэхбаяр
Редактор
Нийгэм
2025.06.18 16:30
713
О.НОМИНЧИМЭГ: Нэг удаагийн шинжтэй ажил гүйцэтгэх гэрээний хөлснөөс НДШ суутгадаггүй байх хуулийн төсөл өргөн барьсан

УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс Нийгмийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:

УИХ-ын 41 гишүүн нам харгалзахгүйгээр нэгдэн, өргөн барьсан хуулийн төсөл бол ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Бид халамжаас хөдөлмөрт гэж ярьдаг боловч өглөөний 8, 9 цагаас оройны 17, 18 цаг хүртэл ажиллаад багахан мөнгө авдаг, дээрээс нь давхар давхар татварын дарамт үзүүлж байгаа нь хөдөлмөр эрхлэх сонирхлыг бууруулж, улмаар халамж хүртэж суух гэсэн гажуудлыг үүсгээд байгаа учраас  үүнийг бага ч болов засаж залруулах сан гэсэн хүсэл эрмэлзлээр энэхүү хуулийн төслийг боловсруулж, өргөн барилаа.

Оюутан залуус болон ахмадууд цагийн ажил хийхэд дахиад НДШ төлөхийг шаарддаг. Тиймээс ажилтан ч тэр, ажил олгогч нь ч тэр нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйн тулд гэрээ байгуулахгүйгээр албан бус хөдөлмөр эрхлэлт рүү ороод байна.

Энэ байдал удаан үргэлжилбэл 10, 20 жилийн дараа энэ залуучуудын амьдралын баталгааг хэрхэн хангах вэ гэдэг асуудал үүснэ. Дээр нь ипотекийн зээл гэх мэтэд хамрагдах боломжгүйд хүрнэ.

Цаашид нийгмийн даатгалын тогтолцоогоо шинэчлээд, тэгш, дарамтгүй байх зарчмыг баримталж, үнэхээр дарамттай байгаа хэсгийг түрдээ авахгүй байж байгаад нөхөн төлүүлдэг ч юм уу, тийм систем руу шилжих шаардлагатай байгаа.

Бидний өргөн барьсан хуулийн төсөлд хөдөлмөрийн харилцаа гэхээс илүүтэй нэг удаагийн шинжтэй ажил гүйцэтгэх гэрээгээр хөлсөөр ажиллаж байгаа хүмүүс НДШ төлөхгүй байхаар тусгасан. Ялангуяа ахмадуудын тухайд, аль хэдийнэ тэтгэврээ тогтоолгочихсон хүмүүс тэтгэвэрт гарсны дараа өөрт таарсан ажлыг гүйцэтгэхдээ дахин НДШ төлдөх шаардлагагүй гэж үзэж байгаа.

Даатгуулагчийн цалин хэрэв хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс их бол илүү гарсан дүнгээс НДШ төлдөггүй байсан. Гэтэл ажил олгогчид энэ нь хамаардаггүй. Тэгсэн хэрнээ ажил олгогчийн илүү төлсөн тэрхүү даатгалын шимтгэл эргээд ажилттны тэтгэврийн хэмжээг тооцоход хамаардаггүй. Тиймээс илүү өгч байгаа тэрхүү НДШ бол даатгалын гэхээс илүүтэй татварын шинж чанартай. Үүнийг зогсооно. Мөн ажилтны хоол, унаа зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг болгон өгдөг мөнгөнөөс НДШ суутган авдгийг болиулахаар төсөлд тусгасан байгаа.

Нийгмийн даатгалын хуульд “косметик хагалгаа” хийхээс гадна тогтолцоогоо сууриар нь шинэчлэх шаардлагатай. Манай  улс ерээд оноос хойш нийгмийн даатгалын тогтолцоог шинээр нэвтрүүлэхдээ эв санааны нэгдэл гэсэн зарчмыг буруу хэрэгжүүлж, хуримтлал үүсээгүй байхад нь шууд тооцоод эхэлчихсэн. Мөн популист улс төрчдийн уршгаар тогтолцооныхоо зарчмыг гажуудуулсан.

Одоо тэрхүү гажуудсан тогтолцоогоо хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлээд, нийгмийн даатгалын шимтгэл яг даатгуулагчдаа очдог болох байх гэсэн хүлээлттэй байна гэв.