Сангийн сайд Б.Жавхлангаас Төсвийн тодотголын талаар тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:
2025 оны төсвийн жил дундаа орж байна. Тодотгол хийх үү, үгүй юу гэдэг асуудал хоёр дугаар улирлаас л эхэлсэн. Тодотгол хийхгүй зургаан сар хүргэсэн хэд хэдэн хүчин зүйл байгаа.
Нэгдүгээрт, Төрийн хэмнэлтийн тухай хуульд 2023 онд оруулсан бөгөөд энэ жилээс хэрэгжиж эхэлж байгаа “тухайн төсвийн жилд гэрээ нь хэрэгжиж эхлээгүй бол хэмнэлтэд тооцогдоно” гэсэн заалт бий. Эхний хагас жилд худалдан авах ажиллагааны гэрээ хийгдээгүй л бол сүүлийн хагас жилд гэрээний ажлыг гүйцэтгэнэ гэдэг худлаа байдаг. Тиймээс төсөв төлөвлөх явцад бэлтгэл ажлыг бүрэн хангасан төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгах шаардлагатай гэсэн үг. Энэ нь төсвийн ерөнхийлөн захирагч нарыг илүү хариуцлагажуулах ач холбогдолтой хууль.
5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 535 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл, хөтөлбөрийн гэрээ хийгдээгүй байсан. Тэгэхээр төсвийн орлогоос дутаж болзошгүй 2.3 их наяд төгрөгөөс 535 тэрбумыг эндээс гаргаж авах боломжгүй байгаа. Тиймээс Төсвийн тодотголоор нэмж, 1.8 их наяд төгрөгийг урсгал зардлаас танана. Хэмнэлтийн хүрээнд зарим агентлагуудыг аттан буулгах, нэгтгэх ажил хийгдэх тул тэдгээрийн урсгал зардлаас нэлээд хэмнэлт хийх боломжтой гэв.