m.mn
түрүүлж мэдээлнэ
Хууль эрх зүй
2025.06.19 14:42
885
ХАМГИЙН ИХ ХАНДАЛТТАЙ Ч ХАМГИЙН ИХ ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ХУУЛЬ

Тамхинаас хамгаалах нэрийн дор эргэлзээтэй бодлого

Монгол Улсын Их Хурлын цахим хуудсанд байрласан Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь хамгийн их хандалт авч буй хууль тогтоомжийн нэг болоод байна. Гэвч энэхүү өндөр хандалтын ард олон нийтийн ширүүн шүүмжлэл, санал зөрөлдөөн өрнөж байгаа нь анхаарал татаж байна.

Хуулийн төсөлд тусгагдсан 3.1.1-д заасан "амт, үнэрийг хориглох" заалт болон 6.8.3-т заасан "далд худалдаалах" гэдэг ойлголт нь олон нийтийн дунд тодорхойгүй, ойлгомжгүй, нэг талаас хэт туйлширсан хэмээн ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байна. Үндэслэл нь: амт үнэр нь залууст тамхи татах шалтгаан биш, харин тамхинаас гарч буй хүмүүст орлуулах боломж олгож, хортой зуршлаас салах нэг гарц болдог гэж олон судалгаа нотолдог.

Cancer Research UK (2021): “Амт нь хүмүүсийг уламжлалт тамхинаас вэйп рүү шилжихэд гол шалтгаан болдог.”
(Source: CRUK Briefing on Flavoured Vapes)

Шүүмжлэлүүдийн нэг чухал хэсэг нь хуулийн төсөлд суурилсан судалгаа, нотолгоо хангалтгүй байдалтай холбоотой. Зарим заалт нь амт үнэрийн хориглолт, далд худалдаа гэх мэт ерөнхий ойлголтыг хэт туйлширсан, ялгавартай байдлаар тайлбарласан бөгөөд олон улсын сайн туршлагад нийцэхгүй гэж үзэх үндэстэй гэжээ.

Cochrane Review (2024): “Электрон тамхи нь никотин агуулсан бусад орлуулах бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэйгээр тамхинаас гаргах нөлөөтэй.”
(Source: Cochrane Review - CD010216)

UK Office for Health Improvements (2022): “Тамхинаас гарсан хүмүүсийн 40% нь амтгүй вэйп хэрэглэхийг хүсэхгүй гэж хариулсан.”
(Source: UK OHID, 2022 Independent report on vaping)

Хуульч, судлаачдын зүгээс уг төсөл нь өмнөх хуультайгаа харьцуулахад илүү хумигдмал, нэг талыг барьсан байдалтай байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна. Уламжлалт янжуур тамхинд давуу байдал үүсгэж, цахилгаан тамхинд хатуу хязгаарлалт хийх замаар бодлогын шударга байдал алдагдаж байна. Энэхүү Тамхины хяналтын тухай хуулийг анх баталснаас хойш ямар үр дүнд хүрэв, ямар алдаа дутагдал байв, огт хэрэгждэггүй заалтуудыг хасах эсэх тал дээр огт дүгнэлт байхгүй байгаа нь ЕБС-ийн 500 метр дотор худалдаалахгүй гэдэг заалтыг хасаагүй байгаагаас харагдана. Учир нь одоогоор 4000 орчим дэлгүүр, ТҮЦ, худалдааны цэгүүд нууц, далд хэлбэрээр зарсаар байгаа, энэ зөрчилд авах арга хэмжээ, ногдуулах торгууль хяналтгүй болсон нь ил байгаа үр дүн юм.

Мөн хуулийн төсөлд тусгагдсан татварын зохицуулалт нь илүү хортой бүтээгдэхүүнд бага татвар, харин эрсдэл багатай хувилбарт өндөр татвар ноогдуулж байгаа нь бодлогын логикт нийцэхгүй, эрүүл мэндийн зорилгод харш байна.

Public Health England (2015–2021): “Вэйп нь уламжлалт тамхинаас 95% бага хортой” гэдгийг судалгаагаар тогтоосон.
(Source: PHE Evidence Review of E-Cigarettes and Heated Tobacco Products, 2018, 2020)

Тамхины хяналтын тухай хуульд хандах хандалт өндөр байгаа ч түүний агуулга, зохицуулалт, баримт нотолгооны түвшин нь олон нийтийн эргэлзээ, шүүмжлэлийг дагуулж байна. Эрүүл мэндийг хамгаалах нэрийн дор өрнөж буй энэ хуулийн төсөл үнэндээ эрүүл мэндийн биш, эдийн засгийн хэн нэг талын ашиг сонирхолд нийцэж байгаа гэх хардлага газар авч байна. Хууль тогтоогчид бодит судалгаа, олон улсын туршлага, олон нийтийн дуу хоолойд тулгуурлан хуулийн шинэчилсэн найруулгаа дахин нухацтай хэлэлцэх шаардлагатай байна.