Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугараас салбартаа нэн тэргүүнд хэрэгжүүлэх ажил болон төсвийн хэмнэлтийн талаар тодрууллаа.
Шинэ албанд томилогдлоо. Ажлаа хамгийн түрүүнд юунаас эхлэх вэ?
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу ажиллана. Олон хууль батлагдсан ч амьдрал дээр хэрэгжихгүй байгаа. Миний хувьд хамгийн түрүүнд батлагдсан хуулиудыг амилуулах чиглэлд ажиллана. Үүний тулд эхлээд журмуудыг батална. Миний бие өмнөх парламентын үед Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа 109 хуулийн нэмэлт, өөрчлөлт батлуулсан. Эдгээр нь цахим хөгжлийг илүү түргэтгэх, төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүнд сурталгүй хүргэх мөн төрд байгаа мэдээллийг иргэнээс шаарддаггүй байхад чиглэсэн хуулиуд юм. Наад захын жишээ, тэтгэвэрт гарах гэж буй иргэнээс маш олон мэдээлэл шаарддаг. Гэтэл тэдгээр мэдээлэл нь төрд байж байдаг. Тухайн яам, агентлаг татаад авчих мэдээллийг иргэдээс нэхэж, хүнд суртал үүсгэдэг.
Өнөөдөр E-Mongolia сайтыг иргэд өргөнөөр ашигладаг болсон. Гэтэл бизнес эрхлэгчдэд зориулсан E-business платформыг бизнес эрхлэгчид маань сайн мэдэхгүй байна. Аж ахуйн нэгжийн архи, пиво зарах тусгай зөвшөөрлийн хугацаа дууслаа гэхэд баахан бичиг цаас цуглуулаад нийслэл рүү явдаг. Гэтэл энэ платформ руу ороод хүсэлтээ илгээхэд автоматаар шууд сунгагдах боломжтой байгаа.
Хоёрдугаарт, старт-ап буюу гарааны бизнесийн асуудал байна. Дижитал бизнес манай улсын эдийн засгийн хоёрхон хувийг эзэлж байгаа. Багадаа 6-8 хувийг эзлэх ёстой. Бид эдийн засгийг солонгоруулна гэж их ярьдаг. Гэвч бодитоор хэрэгжүүлж чадахгүй байна. Дижитал бизнес гэдэг бол мэдээллийн технологи үйлдвэрлэгч компаниудыг хэлж байгаа юм. Бидэнд дэлхийтэй оюун ухаанаараа өрсөлдөх боломж байна.
Цөөхөн хүн амтай Монгол Улс 1.4 тэрбум хүн амтай хятад, 140 сая хүн амтай оростой өрсөлдөхөд хэцүү. Гэхдээ оюун ухаанаараа өрсөлдөж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Монголчууд бид IQ-аараа дэлхийд долоод ордог. Тэгэхээр 10 хятад хүнтэй, таван орос хүнтэй оюун ухаанаараа өрсөлдөх боломжтой гэсэн үг. Гэвч энэ чиглэлээр залуучууд бизнес эрхэлж, өрсөлдөх боломж муу байгаа. Тиймээс Мэдээлэл технологийн өрсөлдөөнийг дэмжих тухай хуулийг баталсан. Уг хуульд Виртуаль бүс гэж ойлголтыг тусгасан. Энэ бүсэд компани байгуулбал татварын болон татварын бус дэмжлэгүүд үзүүлнэ. Мөн крантууд авах бололцоог нээж өгсөн. Гэвч журам нь батлагдахгүй болохоор хэрэгжихгүй байгаа. Тиймээс журмаа яаралтай баталж, оюунлаг, чадвартай залуусаа дэмжмээр байна.
Төсвийн тодотголоор танай яам, салбар дээр ямар хэмнэлт хийх боломжтой байгаа вэ?
Манай яаман дээр төсвөө 30-40 хувиар танах бололцоо бий. Яамны орон тоог 98 хүнээр баталсан ч одоо ажиллаж байгаа хүний тоо үүндээ хүрээгүй байгаа. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээгээр хязгаарла гэсэн чиглэл өгсөн байгаа. Тиймээс өнөөдрийг хүртэл гэрээгээ байгуулаагүй төслүүдийг цуцлахаас өөр аргагүй болсон.
Мөн бичиг цаас шивэх зэрэг ажлууд гар ажиллагаагаар хийгдсээр байгаа. Гэтэл эдгээрийг шууд цахимаар аваад, орон тоогоо хэмнэх боломж бас бий.
Шууд дамжуулалтыг үзэх: