Тэтгэвэр, тэтгэмж барьцаалсан зээлийн нөхцөлийг өөрчилсөнтэй холбогдуулан өнөөдөр /2025.06.19/ ахмадууд эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ:
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос тэтгэвэр барьцаалсан зээл тэтгэвэр авагчид биш өөр зүйлд зарцуулагдаад байна. Тийм учраас тэтгэвэр авагч багадаа амьжиргааны баталгаажих түвшнээс багагүй орлоготой байх ёстой гэдэг утгаар 470 мянган төгрөгийн босго тавиад, үлдсэн мөнгийг нь жилийн хугацаагаар бодож зээл олгодог байх шийдвэр гаргасан. Энэ нь амьдралд нийцэхгүй байсан. Иргэдийн санал хүсэлтийг УИХ-ын гишүүд холбогдох байгууллагуудад уламжилсан.
Мөнгөний бодлогын хороо энэ сарын 12, 13-ны өдрүүдэд хуралдаад, 470 000 төгрөгийн босгыг цуцалж, 50:50 хувь болгоод, хугацааг нь арилжааны банкууд өөрсдөө шийдэхээр орхисон.
Надад маш олон иргэнээс хүсэлт ирсэн. Жишээлбэл, цэргийн алба хаагчид гэхэд надаас залуу хүмүүс тэтгэвэрт гарч байна. Тэд тэтгэвэр аваад зүгээр суухыг хүсэхгүй байна. Ямар нэг бизнес эхлүүлэхийн тулд банкнаас зээл авъя гэхээр тэтгэврийн хүн гэдэг утгаар бизнесийн зээл олгодоггүй. Тэтгэврээ барьцаалж зээл авъя гэхээр маш бага мөнгө бодогддог. Зээлийг ингэж хорьлоо, багасгалаа гээд ахмадуудад тулгарч байгаа асуудал алга болохгүй. Түүнийгээ шийдэхийн тулд ББСБ-аас зээл авдаг, энэ нь асар өндөр хүүтэй. Хугацаа маш богино. Энэ нь асар их санхүүгийн дарамт үүсгэж байна.
УИХ-ын дарга “Банк болгон дэргэдээ ББСБ-тай, ББСБ-ууд нь цаанаа ломбардтай” гэж хэлсэн. Иймэрхүү мөнгө хүүлэлтийг дэмжих зохицуулалт яваад байна уу даа гэсэн хардлага байна.
Өнөөдөр бидний өгч байгаа тэтгэвэр ахмадуудын амьдралд тэр бүр хүрэлцэхгүй байгаа. Нэгэнт ойрын хугацаанд төсвөөс тэтгэврийг нэмэх бололцоогүй тул зээлийн нөхцөлийг уян хатан болгох, цаашид хүүг нь бүр тэглэх шаардлагатай байна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо тэтгэврийн зээлийн нөхцөлийг өөрчлөхдөө юун дээр үндэслэл юм бэ, мөн хамгийн эрсдэлгүй энэ төрлийн зээлийн хүүг бууруулах талаар цаашид ямар бодлого баримталж байгаа юм бэ гэдэг асуудлыг манай Нийгмийн бодлогын байнгын хорооноос Монголбанканд тавьсан байгаа гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: