Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийг нь томилох эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж байх үед хамтарсан Засгийн газрын үед эхлүүлсэн зарим ажлыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг өөрөө парламентын даргаар ажиллаж байхдаа баталсан гэдгээ онцлон хэлж байсан. Тухайлбал, 2019 оны Үндсэн уулийн нэмэлт, өөрчлөлт, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, 103 дугаар тогтоол гэх мэт.
2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын 103-р тогтоол бол Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм. Л.Оюун-Эрдэний тэргүүлсэн Засгийн газраас өргөн барьсан дээрх тогтоолын төслийг баталсан парламентын дарга нь мөн л Г.Занданшатар байлаа. Нэгэнт өөрөө баталж, гарын үсэг зурсан тогтоолынхоо хэрэгжилтийг гүйцээх хүсэл зориг түүнд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Түүхийг нэхэн санацгаая. Анх 2019 оны 11 сард УИХ-ын 92-р тогтоолоор “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” чиглэлийг У.Хүрэлсүхийн Засгийн газарт өгч, Оюутолгойн гэрээнд суурь өөрчлөлт хийх, тохиролцоонд хүрч чадахгүй бол цуцлах талаар Рио Тинтод мэдэгдэл хүргүүлж байв. Мөн оны дундуур Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Далд уурхайн бүтээн байгуулалтын нэмэлт санхүүжилт нь Монголын талд өрийн дарамтыг улам нэмэгдүүлж байна” хэмээн мэдэгдсэн.
2021 оны 01 дүгээр сард У.Хүрэлсүх огцорсны дараа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдохдоо “Оюутолгой”-н гэрээг шинэчилнэ гэж амласан. Чингээд тогтоолын төсөл боловсруулан УИХ-д өргөн барьснаар парламент уг төслийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцэн баталж, өр тэглэх, “Дубайн” гэрээг цуцлах, гүний уурхайн зардлыг гадаадын хөрөнгө оруулагч хариуцах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт зөвшөөрсөн түүхтэй.
Тэгвэл дээрх тогтоолын хэрэгжилтийг дүгнэе.
103 дугаар тогтоолд дээрх зургаан агуулгыг тусгасан байдаг. Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох өр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2.3 тэрбум ам.доллар болж хуримтлагдсаныг 100 хувь тэглэх эхний заалт бүрэн хэрэгжсэн. Тодруулбал, 2022 оны 1 дүгээр сард Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас “Рио Тинто”-той хэлэлцээр хийж, дээрх өрийг бүрэн тэглүүлэхээр тохиролцоонд хүрч чадсан юм. Энэ бол чамлахааргүй амжилт.
Дубайн гэрээг шинэчлэхдээ “Оюутолгой төслийн гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эхлэх хүртэлх нэмэлт зардлыг “Рио Тинто” 100 хувь хариуцаж, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байх заалт ч бас хэрэгжсэн нь дэвшил.
Харин одоо хэрэгжээгүй болон дутуу хэрэгжсэн заалтуудыг авч үзье.
2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Дубайн гэрээ” буюу далд уурхайн бүтээн байгуулалтыг нэмж санхүүжүүлэх төлөвлөгөөг цуцалж, шинээр гэрээ байгуулах хоёр дахь заалт биеллээ оллоо хэмээн монгол даяараа баярлаж хөөрч байсан нь саяхан. Үнэн хэрэгтээ энэ нь өнөөдрийг хүртэл албажаагүй байгаа юм. “Эрдэнэс Оюутолгой” ХХК болон “Эрдэнэс Монгол” ХХ-аас тус гэрээг цуцалж, хүчингүй болгох тухай мэдэгдлийг 2022 оны 8 дугаар сард тус тус хүргүүлсэн. “Рио тинто интернэшнл холдинг” болон бусад хамаарал бүхий компаниудын зүгээс хариу мэдэгдэл өгөхдөө уг гэрээг цуцалж, хүчингүй болгохыг зөвшөөрсөн байдаг. Гэхдээ уг гэрээнд үндэслэж гаргасан эрх зүйн бусад баримт бичгүүдийг мөн адил хүчингүй болгох манай талын саналыг "айлын" тал өнөөдрийг хүртэл зөвшөөрөхгүй байгаа учраас Дубайн гэрээг цуцлах, хүчингүй болгох ажил эцэслэгдээгүй байгаа юм.
Харин Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх заалтын дагуу 2022 онд аудит хийлгэх хэлэлцээр яригдаж байсан ч түүнээс хойш аудит хийгдсэн эсэх мэдээлэл, тайлан олдсонгүй.
103 дугаар тогтоолын 5 дахь хэсэгт хэд хэдэн асуудлыг тусгасан байдаг. Үүнээс эрчим хүчээ Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс шийдэх чиглэл өгснийг УБТЗ-аар дамжуулж авахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн “Оюутолгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах хүрээнд ТУЗ дэх Монголын талын гишүүдийн эрх мэдэлд зарим зохицуулалт орсон ч ил тод байдал байдал хангалтгүй, аливаа шийдвэрүүд гарахдаа маш удаж, хүнд суртал дагуулдаг зэрэг шүүмжлэлүүд байсаар байгаа юм. Мөн ус ашиглалт болон байгаль орчны хяналт дээр зэргэлдээх Дорноговь аймгийн иргэд болон нутгийн удирдлагаас шүүмжлэлтэй хандсаар байгаа.
Тогтоолын 6-т заасан татвараас тавьсан актуудыг биелүүлэх, цаашид татварын талаарх ойлголтоо нэг мөр болгох ажил ч хангалтгүй байгаа юм. Татварын албанаас “Оюутолгой” ХХК-д 2013–2015 онд 377.1 тэрбум төгрөг, 2016–2018 онд 649.4 тэрбум төгрөг, 2019-2020 онд 279 тэрбум төгрөг, нийт 1.3 их наяд төгрөгийн татварын өр, торгуулийн акт тавьж байсан бөгөөд тус компани удтал маргалдсаны эцэст төлсөн. Харин 2021 оноос хойшхи татвараа төлсөн эсэхийг тодруулахаар тус компани руу хэдэнтээ залгасан ч холбогдож чадсангүй.
Товчхондоо 103 дугаар тогтоолын биелэлт 50 хувьтай гэж дүгнэж болохоор. Тэгэхээр Г.Занданшатарт "Дубайн гэрээ"-г цуцалж, хүчингүй болгох ажлыг эцэслэн албажуулах маш том үүрэг хариуцлага ирж байгаа юм. Үүнийг ял биш харин өөрийн алх цохисон тогтоолоо бүрэн хэрэгжүүлэх боломж хэмээн харах хэрэгтэй болов уу!
Ямартай ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед эхлүүлсэн ажлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үргэлжлүүлэхдээ хэлэлцээрийг амжилттай хийж, зарим бодитой үр дүнг гаргасан бөгөөд Г.Занданшатарын удирдаж байсан парламент эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий 103 дугаар тогтоолыг батлан гаргасныг түүх зүй ёсоор үнэлэх биз ээ.
Г.Занданшатарын яаралтай хийх ёстой бас нэг ажил бий. Гэрээ ёсоор “Оюутолгой” төслийг санхүүжүүлэхээр авсан зээлийн хүүг долоон жил тутамд нэг удаа эргэн харах ёстой бөгөөд тэрхүү хугацаа нь энэ онд тохиож байгаа юм.
"Уг төсөл нь нийт 20 тэрбум орчим ам.долларын зээлтэй байгаа. Үүний дотор “Рио Тинто” компаниас авсан зээлийн хүү нь 11.1 хувь. Хамгийн сүүлд Улаанбаатар хотын гаргасан бондын хүү 7.75 хувь. Энэ хоёр хүүгийн зөрүү 3.35 хувь. Энэ бол макро эдийн засагт нэлээд нөлөөлөл үзүүлэх өндөр дүн" гэдгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал удаа дараалан анхааруулсаар байгаа.
Тиймээс он дуусахаас өмнө зээлийг хүүг бууруулах талаар хэлэлцээрийн ширээний ард суух боломж бас эрх нь Г.Занданшатарт бий.
Ердөө өчигдөрхөн /2025.06.19/ “Pentwater Capital management” хөрөнгө оруулалтын сангаас Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтыг үндэслэлгүйгээр 1.9 тэрбум ам.доллараар өсгөж, ашиглалтад орох хугацааг 2.5 жилээр хойшлуулж, жижиг хувьцаа эзэмшигчдэд их хэмжээний хохирол учруулсан хэмээн Нью-Иоркын Манхеттан дахь шүүхэд хандсанаар заргаа авч, 138 сая ам.долларын нөхөн төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна. Тус хөрөнгө оруулалтын сан нь “Туркойз хиллс” компаний 13.77 хувийг эзэмшдэг болохоор “Туркойз хиллс” компаниар дамжуулан Оюутолгойгоос ашиг хүртдэг гэсэн үг. Гэтэл зардлаа өсгөчихөөр санд очих ашиг бас хорогдоно гэсэн үг. “Айлын хүүхдүүд” ийм адтай байхад баялгийн эзэн болсон монголчууд бид татвараа ч бүрэн авч чадахгүй, ногдол ашгаа хүртэж чадах эсэх нь тодорхойгүй, арчаагүй байж болохгүй л дээ.