Э.Ирэхбаяр
Редактор
Боловсрол
2 цагийн дараа
309
Элсэлтийн шалгалт тойрсон тоон мэдээллүүд

Элсэлтийн шалгалтын агуулга болон дүнгийн талаар эцэг эхчүүдийн зүгээс гомдол санал гаргаж байгаатай холбогдуулан, Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр /2025.06.23/ мэдээлэл өглөө.

Элсэлтийн шалгалтыг энэ сарын 18-ны өдрөөс 21-ний өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд нийт 43 318 шалгуулагч бүртгүүлснээс орон нутгийн шалгуулагчид 52.6 хувийг, нийслэлийн шалгуулагчид 45.6 хувийг эзэлж байна.

Шалгалтыг 10 хичээлээр зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн тухайд хамгийн олон шалгуулагчтай хичээл математик байсан бол хамгийн бага шалгуулагчтай хичээл орос хэлний хичээл байлаа.

Улсын хэмжээнд нийт 50 шалгалтын төвд шалгалтыг зохион байгуулсан ба багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, хянагч багшийн ахлагч, хянагч багш, зохион байгуулагч, эмч, үйлчлэгч, цагдаа гэсэн бүрэлдэхүүнтэй, нийт 2966 хүн ажиллажээ.  

Олон улсын шалгалтыг ЭШ-ын дүн оноонд дүйцүүлэх үнэлгээ:

2025 оны 06 дугаар сард ОУ-ын шалгалтын үнэлгээг ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авч, 2598 шалгуулагчийн 3661  шалгалтын үнэлгээг  дүйцүүлжээ. Энэхүү олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн оноог ЭШ-ын дүн оноотой дүйцүүлэх дүйцүүлэг 2022 оноос эхэлж хэрэгжсэн ба жил ирэх тусам дүйцүүлэх хүсэлт өгөх иргэдийн хүсэлт нэмэгдсээр байгаа юм.

Шууд засалт: Дүн оноо, засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан шалгалт бүрийн дараа шалгалтын байрны тусгайлан зассан байранд шалгуулагчийн АНХНЫ ОНООГ мэдээлсэн байна. Шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягийн “шалгуулагчийн булан”-д байршуулсан ба ЭШ-ын дүн онооны жагсаалтыг бүх шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлажээ.

Харин МХБШ-ын дүн оноог шалгалт зохион байгуулснаас хойш 10 хоногийн дотор www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарласан.

Шууд засалттай холбоотой ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй болно.

Нийт 10 хичээлээр шалгалтын дүн оноог мэдээлэхэд нийслэлд орос хэлний хичээлээр хамгийн өндөр /64.4/ анхны оноо авсан бол хамгийн бага анхны оноотой /20.0/ хичээл математик байсан байна

Нийт 10 хичээлээс англи хэл, математик, нийгэм судлалын хичээл дээр хамгийн өндөр буюу 800 оноо авсан шалгуулагч 35-39 байгаа бол түүхийн хичээл дээр 800 оноо авсан шалгуулагч нэг байна. Үндэсний хэмжээнд 800 оноо авсан шалгуулагч 172 байна.

Өргөдөл, гомдол шийдвэрлэсэн байдал:

Энэ сарын 23-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл ЭШ-тай холбоотой өргөдөл гомдлыг ШУТИС-ийн Т байрны 3 давхрын 307 тоотод хүлээн авахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа г албаны эх сурвалж мэдээллээ.

Бэлтгэл ажил: ЭШ-ын бэлтгэл ажлын хүрээнд өнгөрөгч 2 дугаар сарын 17-ны өдрөөс 28-ны өдрүүдэд нийслэлд сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг ерөнхий боловсролын 252 сургуулийн 21 138 сурагчид боловсролын үнэлгээний төвийн 11 мэргэжилтэн танхим болон цахимаар сургалт хийсэн байна.

Энэхүү сургалтаар элсэлтийн шалгалтын журам, тухайн жилийн шалгалтын онцлог, шалгалт зохион байгуулах үе шат, бүртгэх хугацаа болон бүртгэлийн алхам, шалгалтын хуваарь, элсэлтийн болон монгол хэл бичгийн онцлог, агуулгын хүрээ, шалгалтын үйл ажиллагаа, анхаарах зүйлс, шалгалтуудын хугацаа, блюпринт, хариултын хуудастай ажиллах зааварчилгаа, бар код, гэрээний хуудастай харьцах зааварчилгаа, шалгалтын үед хориглох зүйлс болон журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, шууд засалт, дүн оноо дүйцүүлэх журам, тусгай хэрэгцээт шалгуулагчдад үзүүлэх хөнгөлөлт, нөхцөл, шалгуулагчдад өгөх зөвлөмж, мэдээлэл олж авах эх сурвалжууд, шалгалтын байр, суудлын хуваарь,  шалгалт зохион байгуулагдах өдрүүдэд юуг анхаарах талаар зөвлөмжүүдийг хүргэжээ.