ЗГХЭГ-ын дарга С.Бямбацагтоос цаг үеийн асуудлуудаар тодрууллаа.
Төрийн өмчит компаниуд дээр томилсон 400 гаруй менежер ажлаа хэзээ тайлагнах вэ?
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь төрийн өмчийн компаниудын төлөвлөгөөг баталж, тайланг нь дүгнэдэг. Тэр бүтээмжийн болон хяналтын менежер гээд байгаа нөхөд тухайн компанийхаа удирдлага дор ажиллана, тэгэхээр энэ хүрээнд явна. Ер нь бол 400 гаруй менежер байхгүй юм билээ. Буруу дуулаагүй бол 50-60 хүн томилогдсон гэж ойлгосон. Энэ хүмүүсийг эрх баригчдын үйл ажиллагааг хянуулах гэж, алдаа дутагдал байвал илрүүл гэж томилсон. Энэ үүднээсөө сөрөг хүчний зүгээс ТӨҮГ-уудад та бүхнийг хулгай хийлгэхгүй гэж хяналтын менежерүүдийг тавьсан юм шүү. Хэрэв энэ хүмүүсийг халж солих юм бол та бүхнийг хулгайгаа хийх гэж байна гэж ойлгоно шүү гэдэг асуудал яриад байгаа. Нөгөө талдаа Ардын намынхан бас бид эрх барьж байж, бодлогоо хэрэгжүүлэхийн тулд намынхаа гишүүдийг тавих ёстой гэдэг асуудлыг тавьж байгаа. Тэгэхээр тухайн төрийн өмчит компанид менежер байх хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг судалж байж шийдвэр гаргана. Улс төржиж шийдвэр гаргаж болохгүй.
Төрийн болон орон нутгийн өмчийг зохицуулдаг нэг л хууль бий. Тэр хуулийн хүрээнд ажиллана. Шат шатандаа хэрэгжүүлэхийг шаардана. Үнэхээр илүүдэлтэй, давхцалтай, үр ашиггүй бүтэц байх юм бол түүнийг үр ашигтай, цомхон, чадварлаг, бүтээмжтэй болгох ёстой.
“Оюутолгой далд уурхайн хөрөнгө оруулалтыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэх үндэслэлээр АНУ-ын нэг хөрөнгө оруулалтын сан шүүхдээд 138 сая ам.долларын нөхөн төлбөр гаргуулахаар болсон. Тэгвэл баялгийн эзэн Монгол Улс энэ талаар ямар арга хэмжээ авах гэж байна вэ?
Энэ асуудал өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ил болсон юм билээ. “Оюутолгой” ХХК-аас мэдээлэл авахаар хүсэлт явуулсан байгаа.
“Онтре” ХХК-ийн талаар ямар байр суурьтай байх вэ?
ЗГХЭГ-ын дэд дарга энэ асуудлыг хариуцаж байгаа. Би ажлаа хүлээж аваад өдөр тутмын маш шахуу ажилтай, бүх асуудалтай танилцаж амжаагүй байна.
Шууд дамжуулалтыг үзэх: