Боловсролын сайн П.Наранбаяраас Элсэлтийн шалгалттай холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Боловсролын үнэлгээний төв гэдэг байгууллага бол элсэлтийн шалгалтыг гардан зохион байгуулдаг мэргэжлийн байгууллага. 2014 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа газар. Энэ байгууллагаас шалгалттай холбоотой бүх тайлбарыг өнөөдөр өгсөн байгаа. Ямар хичээл дээр ямар агуулгаар шалгалт авсан бэ гэдгээ бүгдийг ил тавьсан байна. Та бүхэн юуны өмнө тэрийг үзээрэй. Жил бүр иймэрхүү хэл ам гардаг юм билээ. Энэ жилийн тухайд 41 мянга гаруй хүүхэд шалгалт өгсөн. Энэ болоод нэлээд өндөр тоо.
Агуулга дээр жишээлбэл, солонгосын жүжигчний нэр орсон гэдэг асуудал үүссэн. Түүнийг нь би харлаа. Нийгмийн ухааны шалгалтад байна. Нэг эх өгчээ. Доорх асуултууд нь хэн нь ямар ажил хариуцдагийг асуусан байна. Өөрөөр хэлбэл, логик уялдаа холбоог харсан байгаа юм. Хөдөлмөрийн зах зээл буюу тэтгэвэртэй холбоотой асуулт бол 10 дугаар ангийн сурах бичгийн 69 дүгээр нүүрэнд байна. Үзэх ёстой агуулгад байгаа гэсэн үг.
БҮТ-д хийсэн томилгооны асуудал бас анхаарал татаж байна л даа. Хүн нам өөрийн хүнээ тавьсан гэхчлэн ...?
Өмнөх дарга нь Ганбат гэж энэ байгууллагыг олон жил удирдсан, маш туршлагатай хүн байсан. Гэхдээ өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн, багийг нь тараагаагүй. Нэг хоёр хүн ажлаас гарсан.
Шинээр томилогдсон Гантуяагийн тухайд ажлын байранд тавигдах шаардлагаа бүрэн хангачихсан хүн байгаа. “Мобиком” компанид олон жил ажилласан, туршлагатай, бас IT чиглэлийн мэргэжил эзэмшсэн хүн. Тухайн албанд IT-ийн мэргэжил эзэмшсэн байхыг шаарддаг юм л даа. Харин төрийн үйлчилгээний байгууллага учраас төрийн албанд тавьдаг, төрийн захиргааны албанд ажилласан байх шаардлага тавьдаггүй. Багт нь хэлтсийн дарга С.Гэндэнжамц нарын мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа.
Харандаа, баллууртай холбоотой гомдол саналууд бас гараад байгаа шүү дээ? Худалдаж авах төсөв нь хаанаас гардаг юм бол?
Энэ асуудлыг судалсан. Харандаа, баллуурыг шалгуулагчдын шалгалтын хураамжаас гаргадаг. Шалгалтын хураамж нь Сангийн яаманд төвлөрдөг. Багш уншихад саад болохгүй, зөөлөн буюу B2 гэдэг стандартад нь тааруулж авсан юм билээ. Шалгагч багш нар бүгд харандааны нөөцтэй орсон бөгөөд хэрвээ хэн нэг хүүхдийн харандаа дуусвал шууд газар дээр нь сольж өгөх ёстой. Харандаа, баллуурыг бол шууд сольж өгөөд явсан юм билээ. Одоогоор харандаа, баллууртай холбоотой өргөдөл, гомдол хараахан ирээгүй байна.
Зарим хүүхдийг гар утастай оруулсан гэх мэт ялгавартай хандсан асуудал бас байна...?
Зарим хүүхэд гар утас авч ороод, хуулсан гэдэг мэдээлэл ирсэн. Бидэнд мэдэгдсэнээр долоон тийм тохиолдол байна. Уг нь шалгалтад орж байгаа бүх хүүхдийг металь илрүүлэгчээр шалгаж оруулсан. Гэвч зарим хүүхэд хаалгандаа дөхөж очоод, яарч байна гээд гүйгээд ороход нь бүрэн шалгаж чадаагүй тохиолдол гарсан юм билээ. Нэг хүүхэд гутлынхаа улан дор нууж авч орсон байна. Эдгээр долоон тохиолдлыг илрүүлээд, оноог нь тэглэсэн байгаа.
ЭШ өнгөрөгч бямба гарагт дууссан. Энэ даваа гарагаас өргөдөл хүлээж авч эхэлсэн. Одоогоор шалгалттай холбоотой хорь орчим өргөдөл ирээд байна гэсэн мэдээлэл надад өгсөн.
Шалгалтын материал задарсан уу?
Задраагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Мянган бодлогыг хэдэн сарын өмнөөс БҮТ-ийн сайтад байршуулсан. Гэхдээ өгөгдлийг нь өөрчлөхгүй бол хариуг нь чээжлээд орчих юм байна гээд өөрчилсөн. Зөвхөн өгөгдлийг л өөрчилсөн. Тэгэхээр 1000 бодлогоо бодчихсон хүүхэд бол тэр бодлогыг танина гэсэн үг. Арга барилыг эзэмшүүлэхэд бид чиглүүлээд байгаа юм шүү дээ. Математикын үндсэн зарчмыг ойлгохыг л тэр 1000 бодлого хүүхдүүдээс шаардаад байгаа юм. Шалгалтын 40 бодлогоос ердөө дөрөвхөн бодлогод бодолт хийдэг. Тэдгээр нь 28 оноотой. Бусад 36 бодлого нь тест бөгөөд нийт 72 онооных.
Энэ бол уралдаант шалгалт. Хөнгөнөөсөө хүнд рүү явдаг шалгалт. Энэ жил 26 мянга гаруй хүүхэд математикын шалгалт өгч байна. Тэднийг жагсаах ёстой. Математикын багш нарын тухайд бол “Тийм ч хүнд бодлого биш байна. Үзсэн агуулгынхаа хүрээнд байна. 1000 бодлогын өгөгдлийг өөрчилсөн нь үнэн байна.” гэдэг зүйлийг хэлж байгаа юм. Тэгэхээр би математикынхаа багш нарт уриалахад, 1000 бодлого бол хурдыг нууцаар хэмждэг цагдаа шиг хүнийг гэнэдүүлдэг зүйл биш. Бодолт эзэмшүүлэхэд чиглэж байгааг дахин хэлье.