Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ
2025.06.24 11:06
405
"Импортын хараат байдлаас ангижрах бодлого бол Үндэсний эрх ашгийг хангах тусгаар улсын үүрэг"

Засгийн газраас “яаралтай” горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг өчигдөр хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын Их Хурлаас 2024 оны дөрөвдүгээр сард Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталж, улаан буудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлж, тоо хэмжээний болон хугацааны хязгаарлалтгүй импортлохоор болсон нь тухайн цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдалд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах зорилгоо биелүүлснийг онцлоод, хууль зөвхөн улаан буудайн гурил үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд бус хөдөө аж ахуйн салбарын суурь үйлдвэрлэл болох газар тариалан, мал аж ахуйн болон тэжээлийн үйлдвэрлэл, техник тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордооны ханган нийлүүлэлт зэрэг хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээнд тогтворгүй байдал бий болгож байгааг дурдав.

Монгол хүний анхдагч суурь хүнсний хэрэглээ нь стратегийн хүнс буюу малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны ус бөгөөд эдгээрийг дотоодын үйлдвэрлэлээр хангах чадавхтай байх нь манай улсын хүнсний төдийгүй үндэсний аюулгүй байдлын нэгэн чухал илэрхийлэл гэж үзэж болохыг тэрбээр өгүүлж, цаашид энэхүү хуулийн үйлчлэл хугацаагүй үргэлжлэх дээрх стратегийн хүнсний үйлдвэрлэл, хангамжийн тогтолцоог гажуудуулж, манай улсын хүнсний баталгаат, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж, эмзэг болгож байгааг анхааруулсан юм.

Түүнчлэн уг хуулийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, Улсын Их Хурал баталсан бодлого, зорилтуудтай уялдахгүй бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд сөргөөр нөлөөлж, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгч, малчид, тариаланчдыг өрийн дарамтад оруулах, хөдөөд ажлын байрыг бууруулах, хот сууринд шилжин ирэх хүн амын нягтрал нэмэгдүүлэх үр дагавартайг тэмдэглэв.

Тус салбарт байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, олон улсын харилцаа, эдийн засгийн ээдрээтэй бөгөөд таамаглашгүй нөхцөл байдлаас олон эрсдэл учирч байгааг тэрбээр сануулж, 2025 оны хаврын тариалалт зургадугаар сарын 19-ний байдлаар 470 мянган га буюу 73.2 хувьтай, улаан буудай 264 мянган га буюу 85.3 хувьтай байгааг мэдээлэв.

Гадаад улс орнууды геополитикийн нөхцөл, улс төрийн хурцадмал байдал, Оросын Холбооны Улсаас баримталж буй төрийн бодлого шийдвэрийн хүрээнд тодорхойгүй хугацаагаар улаан буудай малын тэжээлийн экспортыг хязгаарласан түүнчлэн валютын ханшийн өөрчлөлт зэргээс шалтгаалан импортын гурилын үнэ өсөх нөхцөл үүсэж байгааг мөн дурдаж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хүнс, хөдөө аж ахуйн салбарт үүссэн бодит байдлыг үндэслэн боловсруулсныг хэллээ.

Түүнчлэн импортын хараат байдлаас ангижрах бодлогыг цаг ямагт авч хэрэгжүүлэх нь үндэсний эрх ашгийг хангах тусгаар улсын үүрэг бөгөөд цаашид импортын гурилын үнэ дотоодод үйлдвэрлэсэн гурилын үнээс хямд байх баталгаа байхгүй гэдгийг дурдав.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар танилцууллаа. Засгийн газар хуулийн үйлчлэх хугацааг тодорхой болгох зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байгааг онцлоод, хуулийн төсөл батлагдсанаар хүнс, хөдөө аж ахуйн салбарын хэвийн үйл ажиллагаа хангагдаж, хүн амын стратегийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр тогтвортой хангах нөхцөл бүрдэж, орон нутагт ажлын байрыг хадгалах, газар тариалан, мал аж ахуй, гурил үйлдвэрлэлийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлж, үндэсний эрх ашиг хангагдана гэж төсөл санаачлагч үзсэнийг тодорхойлов.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн 2024 онд батлагдсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн нөлөөгөөр манай улсын хүнсний хэрэглээнд импортын гурилын хамаарал үүсэх, мөн валютын нөөцийг гадагш нь алдах эрсдэл үүсэж байгааг анхааруулж, Засгийн газраас баруун аймгуудын газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй талаар үг хэлжээ. Санал хураалт явуулахад хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал үг хэлсэн юм. Тэрбээр мал ах ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн уламжлал, ололт амжилтын дурдаж, салбарын хөгжлийн түвшинг хадгалах төрийн тусгай бодлогыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдаж, хуулийн төслийг дэмжиж санал өгөхийг уриалав. Төсвийн байнгын хорооны саналаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.