Э.Ирэхбаяр
Редактор
Нийгэм
2025.06.24 13:16
691
Монгол Улсын Эрдмийн их сургууль болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх академиас төрийн алба хаагчдад сургалт явуулж байна

Монгол Улсын Эрдмийн Их сургууль болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, Төрийн албаны Академийн хамтын ажиллагааны хүрээнд  төрийн алба хаагчдад зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөрөс 6 дугаар сарын 27-ны өдрийг дуустал танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.

“Төрийн удирдлагын системийн тоон шилжилт”  гэсэн үндсэн сэдэвтэй энэхүү  сургалтад Монгол Улсын Засгийн газар, Цагдаагийн ерөнхий газар болон төрийн бусад байгууллагын  ажилтнууд хамрагдаж байгаа аж.

Энэ үеэр Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн “Эрдэм” хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Х.Батцэнгэлээс тоон системийг төрийн удирдлагад нэвтрүүлэхийн ач холбогдол юу болох талаар тодрууллаа.

Х.БАТЦЭНГЭЛ: Тоон системээр төрийн бодлого, шийдвэрийн үр дүнг урьдчилж харах, хүрэх арга замыг хэд хэдэн хувилбараар дэвшүүлэх боломжтой

Төрийн байгууллагууд тоон шилжилт хийх гэж чухам юуг хэлээд байна вэ? Энгийнээр тайлбарлаж өгөөч...

Бидэнд хүний хэл гэж байдагтай адил тооны хэл гэж байдаг. Бид монгол хэл болон бусад гадаад хэлээр өөр хоорондоо харилцдаг. Хүний хэл бол хүний сэтгэл санааг бүрэн дүүрэн илэрхийлдэг. Тэгвэл тооны хэлэнд хүний сэтгэл хөдлөл илэрдэггүй. Харин  мэдлэг илэрдэг. Тиймээс тоогоор бүх зүйлийг ойлголцоно гэдэг нэг талдаа хүндрэлтэй. Тэгэхээр өрөөсгөл систем болох талтай. Тэр өрөөсгөл талыг нь яаж саармагжуулах вэ гэдэг асуудал байна.

Төрийн албыг тоон системд шилжүүлэх ажил манайд ямархуу түвшинд яваа вэ?

Тоон системд шилжих ажил аль ч улсад дөнгөж эхэлж байна. Орост ч ялгаагүй, эхлээд удаагүй. Гэхдээ тоон хэлийг өөрсдөө зохиож бичдэг улсууд нэг янзаар, харин тоон хэлийг ашигладаг хэрэглэгч улсууд нэг өөр түвшинд байна. Манайх бол технологийг нь хийдэггүй, авдаг улс. Сүүлийн жилүүдэд сургалтын хөтөлбөрөөсөө  тоо, фикикийн хичээлийг аажим аажмаар багасгаад, оронд нь нийгмийн ухааны хичээлүүдийг түлхүү оруулчихсан. Үр дүнд нь нэг л олон хуульч, эдийн засагчид бэлтгэгдэж байна. Гэтэл тооны хэлийг зохиодог улсууд эхлээд байгалийн ухаан буюу технологийн шинжлэх ухааныг хөгжүүлж байна. Бүр дунд сургуульд байхаас нь эхлээд сургалтын хөтөлбөртөө энэ чиглэлийг түлхүү оруулдаг. Тэгж байж, хүүхдүүд том болсон хойноо тоон системд шилжихдээ зүгээр нэг хэрэглэгч биш, тоон системийн технологийг ойлгодог, зарим нь программыг нь хийдэг улсууд болдог. Өөрөөр хэлбэл, төр нь энэ чиглэлийн шинжлэх ухааныг хүчээр хөгжүүлдэг гэсэн үг.

Манайд математикаар шалгалт өгөхгүй байж болно гэсэн шийдвэр гаргадаг нь алдаа болсон. Үүний хор уршгийг бид 10 жилийн дараачаас мэдэрч эхэлнэ. Зүй нь хүүхэд бүр монгол хэлний шалгалт өгдөг шиг математикын шалгалт өгдөх болох хэрэгтэй. Математикыг заавал гүнзгий мэддэг байх албагүй ч математикаас айдаггүй байх хэрэгтэй. Дараа нь амьдралд хэрэг болно.

Төрийн албыг цахимжуулах ажлууд эхнээсээ хийгдэж байна. Энэ нь тоон системийн нэг хэлбэр мөн биз дээ?

Тэгэлгүй яах вэ. Тоон шилжилтийн элементүүд явж байгаа шүү дээ. Түрүүнд хэлсэнчлэн бид тоон системийг хэрэглэгч улс. Үүнд ч бас математикын суурь мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Манайхан дэлхийн тэргүүлэх сургуулиудад хүүхдүүүдээ явуулж байна. Очоод тооны хичээлээс зугтаж байна. Улсын мөнгөөр хэрэггүй гэж хэлэхгүй ч төдийлөн ирээдүйтэй бус чилэлээр суралцаж байна. Генетик гэх мэт нарийн мэргэжлээр цөөн тооны залуус суралцаж байгаа нь сайн хэрэг. Байгалийн шинжлэх ухаанаар суралцсан хүүхдүүд монголдоо биш гадаадад ихэвчлэн ажиллаж байна.

Төрийн алба тоон системд бүрэн шилжлээ гэж төсөөлье. Тэр цагт ямархуу өөрчлөлт гарсан байх бол?

Тоон системд бүрэн шилжинэ гэж байхгүй. Монгол хэлээ сайн мэдэхгүй мөртлөө гадаад хэл сурчихдаг хүн байна. Энэ нь хүүхдийн сэтгэн бодоход сөргөөр нөлөөлдөг. Үүнтэй адил ганцхан тооны хэлийг бүрэн эзэмшээд төрөлх хэлээ сайн сурахгүй бол бүтэн хүн болж чадахгүй шүү дээ. Тиймээс төрийн албан тоон системд зуун хувь шилжинэ гэж байхгүй. Хамгийн гол чиглэлүүдээ шилжүүлэхэд болно.

Тухайлбал...?

Монгол Улсын төрийн бодлогыг шинжлэх ухааны үндэстэй явуулъя гээд байгаа шүү дээ. Тэгвэл тоон системээр төрийн бодлого, шийдвэрийн үр дүнг урьдчилж харах боломжтой.  Тодорхой хувилбаруудаар сценари бичдэг гэсэн үг. Жишээлбэл таван зам байна гэж бодоход энэ замаар явбал ийм юманд хүрнэ, тэр замаар явбал тийм юманд хүрнэ гэдгийг тоон системээр урьдчилж харах боломжтой.

Бид хуучин аргачлалаараа ирээдүйг харсаар байгаа. Хуучин зам маань цааш үргэлжилнэ гэж бодож, тэр зам дээрээ тоо өрдөг. Энэ буруу биш. Гэхдээ энэ арга зам нь хол явахгүй. Маргааш юу болохыг би хэлж мэдэхгүй. Гэхдээ урьдчилж таамаглах боломжтой. Үүнийг л тоон шилжилт гээд байгаа юм. Тоон шилжилтээс болоод “хар” ажлыг байхгүй болгоно, төрийн албаны давхардлыг арилгана гэдэг бол нэг л тал нь. Жирийн хүнээр авч үзье л дээ. Нэг ажлаас халагдлаа гэхэд бөөн гомдол болдог. Гэтэл тэр хүнд дөрвөөс таван хувилбар байх ёстой. Энэ болохгүй бол тэр хувилбараар явна гэсэн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Үүнтэй адил монголын төр энэ зам нь болохгүй бол тэр замаар явна гэсэн хувилбаруудтай байх ёстой. Ард түмнийхээ төлөө хэдэн ч хувилбартай байж болно.

Отоцкий Петр Леонидович: ОХУ-ын төрийн байгууллагуудын тавин хувь нь тоон системд, мөн 250 хот “Ухаалаг хот” тогтолцоонд шилжсэн

ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх академийн Төрийн удирдлагын их сургуулийн Хиймэл оюун ухааны технологийн дээд сургуулийн захирал Отоыцкий Петр Леонидовичтой ярилцлаа.

Хиймэл оюун ухааныг төрийн удирдлагад нэвтрүүлэх зайлшгүй шалтгааныг нэрлээч гэвэл?

ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, Төрийн албаны Академи y, төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэн гээд аль алийг нь хамарсан, өргөн цараатай үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаад Монгол Улсын Эрдмийн Их сургуультай хамтран Төрийн удирдлагад хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах талаар сургалт явуулж байна.

Орчин цагт ямар ч хүнд интернэт, харилцаа холбоо агаар шиг нэн чухал болсонтой адил төрийн албанд тоон систем, тэр дундаа хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх нь маш чухал.

Тиймээс төрийн удирдлагад хүчин зүтгэж буй алба хаагчид эдгээр хувьсал өөрчлөлтийг мэдэрч, дагаж хөгждөг байх нь зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Энэ нь улс орны өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн маневрлаж авч явах вэ гэдэгт шууд нөлөөлнө.

Тоон системийг нэвтрүүлснээр төрийн албанд ямар эерэг өөрчлөлт гарч байгаа вэ?

Хиймэл оюун ухаан гэдэг бол төрийн удирдлагын тогтолцоонд юу болж байна вэ гэдгийг харж болох цорын ганц микроскоп юм. Төрийн удирдлагын тогтолцоонд байгаа бодит нөөц бололцоогоо бүрэн ашиглах боломж олгодог.

Жишээлбэл, аль нэг аймгийн аль нэг сумын зам дээр явж байгаа автобусыг татаж харна гэсэн үг. Үүнтэй адил төрийн удирдлагын тогтолцооны нэгж хэсэг рүү нэвтрэн ороод, орчин үеийн технологийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагааг хэрхэн сайжруулж удирдах вэ гэдэг арга ухааныг суралцах бодит боломж юм.

ОХУ-ын тухайд энэ системийг хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ? Мөн энэ салбараар  дэлхийд хаахна явна вэ?

Манай улсын төрийн удирдлагын тогтолцоонд хиймэл оюун ухааныг 2014 оноос эхлэн ашиглаж байгаа. Энэ технологийг орон нутгаас эхлээд бүх холбоотын дээд удирдлагын түвшинд нэвтрүүлээд, тодорхой амжилтад хүрээд буй.

Өнгөрсөн жил улс даяар хэмжилт хийхэд нийт төрийн удирдлагын байгууллагын тавин хувь нь аль хэдийнэ тоон системийг өндөр түвшинд ашиглаад эхэлсэн байсан. Дээрээс нь ОХУ-ын 250 хот Smart city буюу “Ухаалаг хот” гэсэн  тогтолцоонд шилжсэн. “Ухаалаг хот”-уудад хиймэл оюун ухааныг ашиглаж, төрийн үйлчилгээг маш хурдтай бөгөөд чанартай, хүртээмжтэйгээр ард иргэддээ хүргэж байгаа.

Одоогийн байдлаар манай нийслэлд замын хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанаар хянаж, аливаа зөрчлийг илрүүлдэг болсон. Өөр ямар салбарт хиймэл оюун ухааныг нэн тэргүүнд ашиглах боломжтой талаар зөвлөөч...

ОХУ-ын тухайд хиймэл оюун ухааныг аль салбарт түлхүү нэвтрүүлэх вэ гэдгийг бид хэдийнэ судалчихсан байгаа. Монгол Улсын тухайд бид одооноос төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж эхэлж байгаа болохоор мэдээлэл дутмаг, бүрэн хариулах боломжгүй байна. Энэхүү сургалтын үеэр бид харилцан ярилцах явцад тодорхой ойлголттой болно гэж найдаж байна.

Хиймэл оюун ухааныг төрийн удирдлагад ашиглахдаа аюулгүй байдлыг нь хэрхэн хангах вэ?

Энэ маш чухал асуудал. Аль ч улсад төрийн удирдлагад тоон шилжилтийг нэвтрүүлж, хиймэл оюун ухааныг ашиглах явцад тулгамдаж буй асуудал бол кибер аюулгүй байдал. Үүнийг хангаж чадахгүй бол иргэдийнхээ мэдээллийг, тухайлбал эрүүл мэндийн байдлаас эхлээд бүхий л мэдээллийг алдах эрсдэлтэй тул аюулгүй байдлыг хангах нь маш чухал.