Э.Ирэхбаяр
Редактор
УИХ-ын гишүүн
2025.06.24 16:55
652
Х.ТЭМҮҮЖИН: Ерөнхий сайд улс төрийн эрх мэдэл муутай, өөрөө томилгоо хийх зүрх зориг муутай байна

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар байр суурийг нь тодрууллаа.

Олон улсын практикаар тодорхой асуудлын хүрээнд тодорхой зорилгоор Хяналтын түр хороог нэг удаа байгуулдаг. Дийлэнхдээ цөөнхөөсөө байгуулдаг. Яагаад гэвэл тэр санаачилгыг ихэнхдээ цөөнх гаргадаг учраас. Хуулиар заагаагүй ч амьдрал дээр соёлоороо ийм хандлагатай байгаа. Манайх бол шууд хуульчлахаар зовлонтой байна гэдэг шалтгаанаар хойш татаж байна.

Цөөнх биш юм аа гэхэд ядаж уг асуудлыг санаачилсан гишүүнээр удирдуулах ёстой. Хүн санаачилгаараа сэдэв сонгоод, түүгээрээ судалгаа хийгээд, мэдээлэл цуглуулаад явж байна гэдэг ард нь гарна гэсэн үг. Гэтэл тэс хөндлөнгөөс ард нь гарах ямар ч сонирхолгүй, эсвэл өөр сонирхол бүхий хүнээр Хяналтын түр хороог даргалуулчихаар үхмэл хороо болгочихож байгаа юм. Анх санаачилсан гишүүн нь попроод алга болж байгаа юм шиг.

Парламентын хяналтыг үр дүнтэй болгоё гэвэл ийм өөрчлөлт хийхээс өөр аргагүй. Гэвч сая Ардын намын бүлгийн гишүүд дэмжсэнгүй. Гэхдээ яриа хэлцэл хийж байгаад дундын хувилбар гарах байх гэж бодож байна. Энэ бол парламентыг бэхжүүлэх зорилготой санаачилга учраас УИХ-д байгаа сэтгэлтэй хэсэг нь дэмжих байх гэж найдаж байна.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар таны байр суурийг сонсъё?

Засгийн газар ямар бүтэцтэй ажиллах вэ гэдэг асуудлыг оруулж ирсэнгүй. УИХ руу оруулж ирэх юм бол төсвийн хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүл гэж тайраад эхлэх байхгүй юу. Тиймээс өөрсдийнхөө бүтцийг тайруулахгүйн тулд бүтцээ танилцуулаагүй. Харин ЗГ хэдэн сайдтай байх вэ, чиг үүрэг нь юу байх вэ гэдэг бүрэлдэхүүнийг бол оруулж ирсэн. “Бөгс, толгой солигдсон”. Эхлээд томилгоонуудаа хийчихээд араас нь оруулж ирсэн. УИХ-ын хаалгаар толгойгоороо биш бөгсөөрөө чихээд байна шүү дээ. Үндсэн хуулийн байгууллагыг алгасах гэж оролдож байгаа заль гэж харагдаж байгаа. АН-ын тухайд, шийдвэрээ түрүүлж гаргаад, та нартай заавал ярилцах албагүй гэсэн хандлагатай байгаа Засгийн газартай эргээд яаж ярих вэ гэдгийг бүлэг дотроо ярилцахаар завсарлага авсан.

Дэд сайд нарыг томилох тухай яриад байна. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа юм бэ?

Өмнөх Засгийн газар дэд сайд нартай холбоотой шийдвэр гаргаж зориглохгүй байсан. Ж.Эрдэнэбатын ЗГ унаснаас хойшхи ЗГ-ууд дандаа хэн нэгний дээлийг тайлж, өөрсдөө өмсдөг, өв залгамжилж байгаа юм шиг байдалтай болсон. МАН-ынхан үүндээ дадсан, зуршил болсон байдалтай байна.

Г.Занданшатарын ЗГ байгуулагдлаа гээд дээл байтугай гэдэс дотрыг нь ч сольсонгүй. Ингэх юм бол ЗГ-ыг өөрчлөх хэрэгцээ ерөөсөө байхгүй. ЗГ өөрчлөгдөнө гэдэг зарим бодлого алдаатай, эсхүл зарим томилгоо хуудуутай байгаа учраас өөрчил гэж олон нийтийн зүгээс шахаж байгаа байх. Засгийн газраа огцруулах гэж бөөн юм болчихоод, дараагийн засгаа байгуулахдаа айлын машинд суучихаж болохгүй шүү дээ. Энэ удаагийн Ерөнхий сайд улс төрийн эрх мэдэл муутай байна. Өөрөө томилгоо хийх зүрх зориг муУтай байна. Бодит байдал дээр хамгийн их эрх мэдэлтэй нэг хүнийг тойрсон, аялдан дагасан л Засгийн газар байгуулагдаж байна.

Үндсэн хуулиар Ерөнхий сайд нь Засгийн газрыг удирдах эрхтэй бол одоогийн байдлаар төлөөлөн удирдаж байна. Удирдаж байгаа нь өөр хүн. Ийм дүр зураг харагдаж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын орон байранд нэгжлэг хийсэн талаар ямар мэдээлэлтэй байгаа вэ?

Одоогоор тодорхой мэдээлэл авч амжаагүй байна, чих дэлссэн. Гэхдээ энэ нь парламентын халдашгүй байдал, бүрэн бүтэн байдлыг сэмлэж байгаа эхний дохио юм биш биз гэсэн болгоомжлол төрж байна. Ерөнхийлөгчийн сонгууль угтсан бусармаг үйлдлүүд эхлэх гээд дуншаад байсан, магадгүй эхлэл нь байж болох юм. Мөн УИХ-ын гишүүдийн тоог цөөлнө гэсэн санаачилга зарим гишүүд гаргасан, үүнийг ард нийтийн санал асуулга явуулна гэж байгаа нь халхавчилсан, дахиад засаглал солих, УИХ-ыг хүчгүйдүүлэх санаархал юм биш биз.

Парламентыг давжаа байлгах хоёрхон субьект байдаг юм. Нэгдүгээрт, парламентыг жижигсгээд, гүйцэтгэх эрх мэдлийг атгаад, парламентын толгой дээр эрх мэдлээ баталгаажуулахыг санаархаж байгаа тэр институц, бүлгийн ашиг сонирхол байдаг. Хоёрдугаарт, гадны ашиг сонирхол байдаг. Монголын парламент жижиг, сул байх нь монголд нөлөөгөө тогтоох бодлого. Энэ хоёр бүлэг хүний алга ташилтыг дамжуулж байгаа улс төрч бол урвагч гэсэн үг.

Яамд цөөхөн бол дэд сайдтай байж болно. Яамд цөөхөн байгаа тохиолдолд ЗГ-ын гишүүдийн ачаалал их болдог. Тэр дундаа Хууль зүйн сайд, Сангийн сайд, Гадаад харилцааны сайд болон ЗГХЭГ-ын даргын ачааллын 70 хувь нь парламент дээр байдаг. Тэгэхээр ард нь 30 хувийн ажил тэр хүмүүсийн анхаарлын гадуур үлдэж байгаа юм. Үүнийг нөхөх зорилгоор дэд сайд байж болно. Бусад сайд нарын тухайд парламент дээр хийх ажил бараг байхгүй, голдуу аж ахуйн ажил байдаг. Хэтэрхий жижиглэсэн, олон яамтай болсон тохиолдолд дэд сайдын хэрэгцээ байхгүй. Эрдэс баялаг, аж үйлдвэр, эрчим хүчийг нэг яам болгосон тохиолдолд чиглэл тус бүрийг хариуцсан дэд сайд нарыг томилсон бол ухаалаг шийдэл гэж үзэж болох юм.

Шууд дамжуулалтыг үзэх: