Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2025.06.24 17:25
937
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил эхэлж, хууль хүчнийхнийг хувийн хамгаалалтаа болгосон байна!

Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын гэрт хуулийн байгууллагаас нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг асуудлаар Ардчилсан намын бүлэг шуурхай хуралдаж, мэдэгдэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Эсрэг байр суурь илэрхийлсэн хүнийг хууль хүчнийхнээр шалгуулдаг, тролл армиар дайруулдаг нэг жишээ боллоо. Магадгүй хуулийн байгууллагаас өнөөдөр юм уу маргааш гарч ирээд ямар нэг тайлбар хийх байх. гэхдээ үүний цаана улс төр явж байгаа гэдэгт бид эргэлзэхгүй байна. Ардчилсан намын бүлэг нэг гишүүнийхээ асуудлаас гадна Монголын парламент ёс, дархлаа алдагдах тал руу явж байгаа юм биш биз дээ гэж хардаж, хуралдан мэдэгдэл хийж байна.

АН-ын ЕНБД Н.Ганибал:  Асуудал маш ярвигтай болж байна. Манай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой УИХ-ын гишүүдийг улс төрийн учир шалтгаанаар хууль хүчний байгууллагаар шалгуулах явдал ихсэж байна. 2027 оны сонгууль ийм эрт эхлээд АН-ын нэр дэвшигчдийн боломжийг боомилж байгаа үйлдэл гэж харагдаж байна.

С.Ганбаатар гишүүн гурван асуудал дээр буюу Ерөнхийлөгчийг дахин сонгохгүй, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй, Газрын тосны үйлдвэрийн асуудал дээр анхаарлаа хандуул гэдэг дээр хатуу байр суурийг илэрхийлсэн. Үүнээс улбаатай С.Ганбаатар гишүүний эргэн тойрныхныг залхааж, түүнийг нухчин дарах гэсэн үйлдэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:  Ухнаагийн Хүрэлсүх ээ! Чамаас Монголын парламентыг хамгаална. Монгол Улсын Их Хурал дээр үнэний төлөө үг хэлсэн хүмүүсийг хуулиар далайлгадаг байдлыг өнөөдрөөр зогсооно.

Монголын парламентын дархлааг хамгаална. Төрийн эрх мэдэл УИХ-д байдаг атал хууль хяналтыг хувийн хамгаалалт шигээ ашиглаж болохгүй. Энэ бол засаглалын хямрал руу орно. У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардаж авсан бол одоо дахин бүгдийнх нь хөлийг хугалж байгаад наадам зохиох гэж байна. Миний эргэн тойрныхныг, туслахыг хориод тамлаж байгаа нь яах вэ, тэрийг ярихгүй. Харин  Парламентын дархлааг ярих болно!