m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
2025.06.25 09:17
3902
Коллежид сурсан ч төгсөөгүй, хуурамч дипломтой УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа

УИХ-ын гишүүд сонгуульд өрсөлдөхдөө намтраа гоёчлох гэж төгсөөгүй сургуулиа төгссөн болж, хуурамч түүх зохиосон тохиолдол өмнө нь нэг биш удаа гарч байсан. Тэгвэл энэ удаагийн парламентад ч мөн ийм хуурамч түүхтэй гишүүн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Parliament.mn сайт дахь танилцуулгадаа Дорнод их сургуульд 1991-1995 онд бага боловсролын багшаар суралцаж, бакалаврын зэрэг хамгаалсан хэмээн бичжээ.

Гэвч энэ нь хуудуутай болохыг баримт нотолж буй. Тус сургууль нь тухайн үед Бага ангийн багш болон Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжүүлэгч багш гэсэн хоёр ангитай байж. Ц.Мөнхтуяа нь 1994 онд төгсөх ёстой байсан ч шалгалтад тэнцээгүйн улмаас сургуулиа төгсөж чадаагүй байна. 1994 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Улсын шалгалтын комиссын хурлын 01 тоот тогтоолын хавсралтад амжилттай шалгагдсан хоёр ангийн 56 оюутан дунд түүний нэр байхгүй. Харин улсын шалгалтаа бүрэн өгч чадаагүй тул 1995 онд шалгалтыг дахин өгөхийг зөвшөөрсүгэй гэсэн 3 дахь хавсралтад дурдагдсан 10 оюутны дунд Ц.Мөнхтуяагийн нэр байгаа юм.

Дараа жил нь дахин шалгалт өгсөн ч өнөөх арван оюутнаас гурав нь тэнцэж, бусад долоо нь дахин “унажээ”. Энэ долоон оюутны нэг нь өдгөө хууль тогтоолцож буй эрхэм гишүүн Ц.Мөнхтуяа.

1995 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Улсын шалгалтын комиссын хурлын 01 тоот тогтоолын хоёр дахь хэсэгт “1992-1994 оны хичээлийн жилийн улсын шалгалтад хангалтгүй дүн үзүүлж, 1995 онд дахин шалгалт өгч, тэнцсэн 3 оюутанд тусгай дунд боловсролтой Бага ангийн багшийн хэргэм, диплом, энгэрийн тэмдэг олгосугай” гэж заажээ. Энэхүү гурван оюутан дунд Ц.Мөнхтуяагийн нэр байхгүйг та харж байна.

Уг тогтоолд 1994 оны тогтоол шиг дахин шалгалтад тэнцээгүй оюутнуудыг дараа жил дахин шалгалт өгөхийг зөвшөөрсөн үг, өгүүлбэр алга. Тэгэхээр Ц.Мөнхтуяа нэг бол дахин шалгалт өгөөгүй, сургуулиа тэр чигт нь хаясан эсвэл өгсөн ч дахин унасан гэсэн дүгнэлт гарч ирж байгаа юм. Ямартай ч сургуулиа төгсөж чадаагүй нь үүгээр нотлогдож байна.

УИХ-ын албан ёсны сайтад танилцуулснаар Ц.Мөнхтуяа нь 1991 онд Дорнодын их элсэн суралцсан гэх. Гэвч тус сургууль нь тухайн үед их сургууль биш коллежийн статустай байсныг шалгалтын комиссын тогтоолоос харж болно. Мөн дөрвөн жилийн сургалттай байсан тул 1991 онд элсэн орсон гэдэг нь ч эргэлзээтэй байгаа юм.

УИХ-ын сонгуульд нас, хүйс, боловсрол харгалзахгүйгээр хэн бүхэн нэрээ дэвшүүлэн өрсөлдөх эрхтэй. Тэр ч утгаараа өнгөрөгч сонгуульд бүрэн дунд боловсрол ч эзэмшээгүй нэг бус иргэн өрсөлдөж, эрхээ эдэлсэн. Гэвч хууль тогтооно гэдэг өргөн мэдлэг шаарддаг ажил болохоор эрх биш сонгогчид боловсролыг нь харсан л байх. Гэхдээ л хуурамч дипломтой байж болзошгүй гишүүн тэдний дунд сууж байгаа нь эмгэнэлтэй. Хэдий жижиг асуудал мэт боловч бусдыг хуурч мэхэлж байгаа нь ёс зүйгүй үйлдэл биш гэж үү? Тэгэхээр хааяа чуулган дээр олон нийтийн сүлжээнд “зодолддог” шигээ эв хавгүйхэн үг хэлж байгаа харагддаг нь ч аргагүй аж, боловсроогүй хүн шүү дээ.