Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 2025 оны 06 дугаар сарын 24-25-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь хоёр орны харилцааны түүхэнд онцлох үйл явдал болж, стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх шинэ хуудас нээлээ.
Итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа
Улс орнуудын хамтын ажиллагаа нь харилцан хүндлэл, тэгш эрх, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлах нь урт хугацааны тогтвортой хөгжлийн үндэс болж байна. Узбекистан, Монгол хоёр улс олон жилийн найрамдалт харилцаагаа улс төр, эдийн засаг, соёлын салбарт улам бэхжүүлсээр байна.
1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны улс төрийн итгэлцэл гүнзгийрч, бие биеэ дэмжсэн найрсаг харилцаа тогтсон. Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн бүс нутгийн нээлттэй, идэвхтэй бодлого нь Монгол Улстай харилцаагаа шинэ шатанд гаргах нөхцөлийг бүрдүүллээ.
2024 оны зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистанд анхны төрийн айлчлал хийх үеэр 14 гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал алхам боллоо.
Улс төрийн болон институцийн яриа хэлэлцээ бэхжиж байна
2023 онд Засгийн газар хоорондын хамтарсан комисс байгуулсан бол 2024 онд парламент хоорондын бүлэг үүсч, харилцааны шинэ механизм бүрдсэн. Мөн 2024 оны 5 дугаар сард Гадаад харилцааны яамдын долоо дахь зөвлөлдөх уулзалт Улаанбаатарт амжилттай болж өнгөрсөн юм.
2024 оны 06 дугаар сарын 24-нд Ташкент хотноо Монгол Улсын Элчин сайдын яамыг нээсэн нь улс төрийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргалаа.
Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа
Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа тогтвортой өсөлттэй байна. 2024 онд худалдааны эргэлт 20.4 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 32 хувиар өссөн бол 2025 оны эхний улиралд 9.7 сая ам.долларт хүрчээ.
Худалдааг төрөлжүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах, хөрөнгө оруулалтыг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. 2024 онд Узбекистан Улс Монголоос 7,000 гаруй толгой мал худалдан авсан нь хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны тод илрэл боллоо.
2025 оны хоёрдугаар сард болсон бизнес форумд 140 гаруй аж ахуйн нэгж оролцсоноос гадна Хөнгөлөлттэй худалдааны хэлэлцээр, Худалдааны болон бизнес эрхлэгчдийн зөвлөл байгуулахаар тохиролцлоо.
Соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа
Монголын уран бүтээлчид Самаркандын “Шарк тароналари” хөгжмийн наадамд амжилттай оролцож, хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан тоглолт олон улсын түвшинд үнэлэгдэж байна.
Шинжлэх ухааны салбар дахь хамтын судалгаа, түүх, соёлын өвийг хамгаалах чиглэлд ахиц гарч байгаа нь соёлын уялдаа холбоог улам бүр гүнзгийрүүлж байна.
Визгүй зорчих нөхцөл ба аялал жуулчлал
2018 оноос хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих болсон нь ард иргэдийн харилцааг идэвхжүүлэх, аялал жуулчлал, соёлын солилцоог хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.
Хэтийн төлөв: Стратегийн түншлэлийн гүнзгийрэл
Узбекистан, Монголын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нөөц бололцоо бүрэн байна.
Тухайлбал:
Энэ дагуу тууштай хамтарснаар хоёр улс Зүүн ба Төв Азийг холбосон стратегийн түншлэлийн бат бөх гүүр болж чадна.
Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн Монгол Улсад хийсэн айлчлал нь харилцааг шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааг бүх чиглэлээр бэхжүүлэх түүхэн үйл явдал боллоо.
Сарвар Рахматуллаев
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги, бүс нутгийн судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх судлаач