m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2025.06.25 12:32
2446
ТОСК-ийн Б.Батзаяа хууль зөрчиж, төрсөн ах дүү, хамаатан саднуудаа байраар хангасан баримт

Төрөөс явуулж буй “Хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах, зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн орон сууцны хөнгөлөлтийн бодлого”-ыг гардан хэрэгжүүлдэг Төрийн орон сууцны корпорацийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Батзаяа, ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэгч О.Мөнхтуяа нар албан тушаалаа урвуулан ашиглаж, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эх, эцэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд очих ёстой нэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий түрээсийн орон сууцанд төрсөн эх, ах дүү, хамаатан саднаа оруулан бусдын боломжийг хулгайлж байсан ноцтой баримтыг дэлгэж байна. 

ЗОРИЛТОТ БҮЛЭГ

Түрээсийн орон сууц хөтөлбөр нь орон сууцны нэг м2 талбайг таван жилийн турш сарын 6000 төгрөгөөр тооцон түрээсэлж, энэ хооронд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэн ипотекийн зээлд хамрагдаж, өмчилж авах боломж олгодог. Иргэдээ орон сууцжуулах чиглэлээр төрөөс өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудаас хамгийн оновчтой, хүн бүрийн хүсэл болсон хөтөлбөр учир хамрагдах хүсэлтэй иргэд олон байдаг. 

Хүсэлт өгсөн иргэдийг хохироохгүй, орон сууцны хязгаарлагдмал нөөцийг хууль, журмын дагуу шударгаар хуваарилж, түрээслэх ажлыг зохион байгуулах нь ТОСК-ийн үндсэн үүрэг. Гэтэл тус байгууллагын Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзаяа, ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэгч асан О.Мөнхтуяа нар албан тушаалаа урвуулан ашиглаж, хүсэлтээ өгсөн иргэдийн боломжийг хулгайлж байсан байна. 

ТОСК-ийн гүйцэтгэх захирал 2020 оны хоёрдугаар сард “Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслүүлэх гэрээ”-ний хэрэгжилтийг шалгах, зөрчсөн иргэдтэй гэрээг цуцалж, орон сууцыг актаар хүлээж авах үүрэг бүхий ажлын хэсгийг мөнөөх Б.Батзаяагаар ахлуулан байгуулжээ. 

Энэ Ажлын хэсэг тухайн жилдээ гэрээний журам зөрчсөн 111 гэрээг цуцалж, орон сууцыг хурааж авсан аж. Улмаар уг орон сууцуудаас Б.Батзаяа хамаарал бүхий тав, О.Мөнхтуяа есөн этгээдэд шилжүүлжээ. 

Тодруулбал, Б.Батзаяа нь, төрсөн ах Б.Батжаргал /хамтран түрээслэгч Ц.Гэрэлмаа/, төрсөн дүү Б.Очирбал, бэр эгч Ц.Гэрэлмаагийн төрсөн эгч нар болох Ц.Ариунцэцэг, Ц.Болормаа нарт, О.Мөнхтуяа нь ээж Д.Халтар /хамтран түрээслэгч нь О.Мөнхтуяагийн төрсөн охин н.Дуурсахмаа/, төрсөн эгч О.Насанжаргал, зээ дүү Б.Дөлгөөн, бусад хамаарал бүхий этгээд болох П.Золзаяа, П.Золжаргал нарын нийт есөн хүнтэй сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулсан аж.     

 

Ноцтой нь, дээрх 14 гэрээ байгуулагдсан хугацаанд буюу 2020 оны долдугаар сараас арванхоёрдугаар сар, 2021 оны зургадугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргасан иргэдэд “2016 оноос хэрэгжүүлсэн түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэд бүрэн хамрагдсан. 2017 оноос хойш Төрийн түрээсийн орон сууцны санд орон сууц нэмж шилжүүлээгүй тул шинээр бүртгэл явагдах үед зохих журмын дагуу хамрагдах боломжтой” гэдэг хариуг өгч байжээ. 

Дээрх хугацаанд нийт 105 хүнд дээрх хариуг явуулсан бөгөөд энэ нь гэрээ зөрчсөний улмаас хураагдсан орон сууцны тооноос /111/ бага байгаа юм.

Б.Батзаяа, О.Мөнхтуяа нар ашиг сонирхлын зөрчилж гаргаж, амин хувиа бодоогүй шударгаар ажилласан байсан бол татгалзсан хариу авсан бүх айл орон сууцанд хамрагдаж, амьдралын түвшин нь дээшлэх байв. 

Б.БАТЗАЯА НАРЫН ТОСК-ИЙН УДИРДЛАГА БИТГИЙ ХЭЛ САЛБАРЫН ЯАМ, АТГ-Т ДИЙЛДДЭГГҮЙ “ДАРХЛААНЫ” НУУЦ НЬ ЖЕНКО Х.БАТТУЛГА

 Дээр хэлсэнчлэн, Түрээсийн орон сууц хөтөлбөр иргэдийн дунд эрэлт ихтэй хөтөлбөр тул санал гомдол их, тэр утгаараа ТОСК-ийн зүгээс ч үйл ажиллагаандаа тодорхой давтамжтайгаар дотоод аудит оруулж, илэрсэн зөрчлийг шийдвэрлүүлэхээр дээд шатны байгууллага, цаашлаад хууль хяналтын байгууллагад мэдээлэл хүргүүлэн, ирсэн үүрэг чиглэлийн дагуу зохих арга хэмжээг авч ажилладаг. Энэ дагуу Дотоод аудиторын дүгнэл гаргуулан Барилга, хот байгуулалтын /тухайн үеийн нэрээр/ яаманд хүргүүлж, сайд Ц.Даваасүрэн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцож, хөтөлбөрт хамрагдах иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхдээ эрэмбэ дарааг хатуу баримтлан судалгаанд хамруулж, тэмлдэглэл үйлдэн баталгаажуулж байх зэрэг таван зүйл заалт бүхий зөвлөмжийг хүргүүлсэн байдаг.  

Мөн дотоод хяналт шалгалтын хүрээнд Б.Батзаяа, О.Мөнхтуяа нарын хууль бус үйлдлийг тогтоож, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.2, 3.1.3, 3.1.5, 6.4, Авлигын эсрэг хуулийн 3.1.4, 4.1, 4.1.3, 7.1, 7.1.3 дугаар заалтуудыг зөрчсөн хэмээн АТГ-т өгч шалгуулж байжээ. Гэвч ямар нэгэн байдлаар хариулцлага хүлээх нь байтугай ажлаа хийсээр өдийг хүрсэн байна.