Э.Ирэхбаяр
Редактор
Орон нутаг
2025.06.25 15:55
1921
“Там” болсон замыг засах зориулалттай Замын сангийн мөнгө хаашаа урсдаг вэ

Монгол Улс нүд хужирлам үзэсгэлэнт байгальтай, онгон зэлүүд газар нутаг ихтэй. Гэвч жилийн дөрвөн улирлаас зөвхөн зуны цагт л дотоод, гадаадын жуулчид хөлхөж, “амь ордог”. Ээлжит нэгэн зун айлчлан ирсэн ч жуулчид хүлээн авах бэлтгэл хангалтгүй байна. Учир нь орон нутгийн замууд “там” хэвээрээ. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлөх нэг хүчин зүйл болдог.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2024 онд зам тээврийн ослоор 5300 гаруй хүн гэмтэж, 470 гаруй хүн нас барсан. Үүний дийлэнх нь орон нутгийн замд, ялангуяа хатуу хучилтгүй, засвар арчилгаагүй хэсгүүдэд гарсан байдаг.

Ердөө долоо хоногийн өмнө Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт болсон автын ослын үед нэг иргэн амиа алдсан. Хоёр сар гаруйн өмнө гэхэд Булган аймгийн орхон сумын нутагт дөрвөн иргэн, Төв аймгийн Аргалант сумын нутагт гурван иргэн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан. Хагас жилийн өмнө /2024.11.23/ Дорнод аймгийн Булган сумын нутагт гарсан ослын үед долоон хүн амиа алдсан эмгэнэлт явдал болсон. Гэх мэчилэн зам тээврийн осол гарч, иргэд амь насаа алдсан муу мэдээнүүд ар араасаа хөвөрсөөр буй.

Хөдөлгөөний эрчим ихтэй Дархан-Эрдэнэтийн чиглэлийн зам ч бороо орсны дараа лаг шавар болчихдог нь хэвээрээ. Замын зурвас бүдгэрсэн, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байхгүй, хашлага хураагдсан, засвар хийгдээгүй зэрэг нь осол гарахад нөлөөлөх хүчин зүйл болдгийг албаны хүмүүс анхааруулдаг.

Бид гадаадад очихоороо гоё сайхныг нь шагширч зураг дарж, бичлэг хийдэг бол гадныхан манайд ирэхээрээ эсрэгээрээ эвдэрсэн зам, нүхэн жорлон гэх мэт болохгүй, бүтэхгүй зүйлсийг гайхшран, зураг авч, бичлэг хийдгээрээ ялгаатай.

Зам дагаад хөгжил ирдэг. Нөгөөтэйгүүр, зам бол тухайн улсын нүүр царай гэж хэлж болох юм. Зам муу байгаа бол төрийн менежмент муу байна гэсэн үг. Учир нь төсөв, тендер, замын засвар зэргийг төр хариуцдаг. Дээр нь ил тод байдал, олон нийтийн хяналт ч дутагдаж байгааг илтгэнэ.

Замын арчилгааны зардлыг зам ашигласны хураамжаас санхүүжүүлдэг. Энэхүү хураамж нь одоогоор 1000 төгрөг байгаа бөгөөд Замын санд жилд 77 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрч байна. Энэхүү орлогыг замын нөхөөс, засвар, арчилгаа, тэмдэглэгээ, хяналт /камер/ гэх мэт үйл ажиллагаанд зарцуулдаг.

Хэрэвзээ зам арчлах төсөв хөрөнгө хүрэлцээгүй байгаа бол орон нутгийн зам ашигласны хураамжийг  бага багаар үе шаттай нэмж яагаад болохгүй гэж? Мэдээж, тэрхүү нэмэгдлийг 100 хувь зам арчлалт, стандарт хангуулах ажилд зарцуулах хэрэгтэй. Эргээд иргэд бид эвдэрхий, эрсдэлтэй замаар зорчсон бол зураг, бичлэгээр баримтжуулан, шаардлага тавьж, хяналт тавьдаг байх нь чухал. Бид хянаж, нэхэж байж, тэд хийнэ. Түүнчлэн замын бүтээн байгуулалт хийгээд засвар арчилгаанд тогтмол аудит хийлгэж байх нь зүйтэй.

Засгийн газар 2024-2028 оныг “Жуулчны жил” хэмээн зарласан бөгөөд жилийн дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авдаг байх зорилт тавьснаа саяхан зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоо ч мөн мэдэгдсэн. Хувийн хэвшлийнхэн баазаа өргөтгөж, үйл ажиллагаагаа сайжруулахад анхаарна биз. Харин замыг тэд засаж чадахгүй. Угаасаа замын бүтээн байгуулалт хийгээд засвар, арчилгааг аль ч улсад төр л хариуцдаг.

Монгол Улс Халхын голын дайнд 280 цэрэг эрсээ алдсан гэдэг. Гэтэл энх цагт хоёр дахин их хүнийхээ амийг алтан шар зам дээр алдаж байгааг хүлцэн тэвчсээр байх уу, Зам тээврийн сайд аа! “Там” болсон замыг засах зориулалттай Замын сангийн тань мөнгө хаашаа урсаж байгааг анхааралдаа авна уу, Б.Дэлгэрсайхан сайд аа!

Манай улс нэг үеэ бодвол аймаг бүр, мөн зарим сумд нийслэлтэй болон өөр хоорондоо хатуу хучилттай замаар холбогдож, цаг хугацааг “товчилж”, холыг “ойртуулах” болсон нь сайшаалтай ч ашиглалтад хүлээж авсан замаа дор дор нь засаж, тордож явахгүй бол алсдаа хүний аминд хүрээд байгааг хологдох газрууд нь анхааралдаа авна биз ээ.

Бүх зүйл төсөв мөнгөтэй холбогддог ч манайд менежмент болон сэтгэл дутагдаж байгааг анхаарч ажиллахыг улиран томилогдсон сайдаасаа ахин хүсье.

Энэ удаад бид Монгол Улсын замын сангийн зарцуулалт үр дүн муутай байгаа талаар хөндлөө. Дараагийн удаад Нийслэлийн замын сангаас хийж буй хөрөнгө оруулалт, тэдгээрийн үр ашгийн талаар хөндөн бичих болно.