Өмнөх нийтлэлд Монгол Улсын Замын сангийн зарцуулалт, үр ашгийн талаар хөндсөн бол энэ удаа Нийслэлийн замын сангийн талаар цухасхан өгүүлье. Улаанбаатар хотын нийт замын урт 1300 орчим км бөгөөд тээврийн хэрэгсэл ашигладаг иргэд саяханыг хүртэл нэг км зам тутамд жилд гурван төгрөг төлдөг байсан. Уг хураамжийг 12 жил нэмээгүй, тогтвортой байлгасан бөгөөд энэ нь дэлхийн дунджаас 86 дахин бага, үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхэд хаанадаа ч хүрэлцдэггүй гэдэг үндэслэлээр тав дахин нэмж, 15 төгрөг болгосон. Энэ тарифыг 2025 он гараад мөрдөж эхэлсэн.
Мөн орон нутгийн дугаартай автомашин нийслэл рүү ороход 1000 төгрөгийн хураамж төлөдөг бөгөөд хоёр хоногоос хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 5 000 төгрөг нэмж төлдөг болсон.
2025 онд авто машины албан татвараас 120.2 тэрбум, авто зам ашигласны төлбөрөөс 100.5 тэрбум, торгуулийн шийтгэлээс 122.9 тэрбум төгрөг, нийт 343.6 тэрбум төгрөг Нийслэлийн замын санд төвлөрүүлэхээр баталсан байгаа юм. Санхүүжилтийн гурван эх үүсвэрээс торгуулийн орлого хамгийн өндөр байгааг та харж байна. Иргэдээ зөрчил гаргахыг хүлээн зөвшөөрч, бүр урьдчилан тооцоолж суугаа нь хачирхалтай. Нөгөөтэйгүүр зөрчил гаргасан иргэд замын бүтээн байгуулалт, арчилгаанд ихээхэн хувь нэмэр оруулж байна гэсэн дүгнэлт гарч ирж байгаа юм.
Ямартай ч Улаанбаатар хотын тухайд, зам ашигласны хураамжийг нэмэгдүүлэн, төв замуудын засвар, нөхөн сэргээлтэд чамгүй хөрөнгө зарцуулж, замын зорчих хэсгүүдийг камер болон хиймэл оюун ухаанаар хянаж, зөрчил илрүүлэх зэргээр тодорхой үр дүн гаргаж эхэлсэн.
Гэхдээ хотын урд хэсэг буюу “томчууд” амьдардаг дүүрэгт түлхүү анхаарал хандуулж, шинээр зам тавих ажил эрчимтэй өрнөх хэрнээ хотын хойд хэсгийг орхигдуулж, иргэдээ ялгаварлан гадуурхаж байгаа тал бас бий. Түүнчлэн Богд уул тойрсон ам бүрд хаус хорооллууд босож, цөөн тооны айл руу чиглэсэн замууд ч тавигдаж буй. Монгол Улсын иргэн бүр эрүүл, аюулгүй замаар зорчих эрхтэй. Гэхдээ Чингэлтэй, Дамба, Бэлхийн эцэст уулын оройд амьдарч буй иргэд ч адилхан эрхтэйг Зам тээврийн сайд болон Хотын даргад сануулъя!
Авто замын сүлжээний хүрэлцээнээс гадна аюулгүй байдал мөн л хангагдахгүй байгаа юм. Хотын захын дүүрэг, ялангуяа гэр хорооллууд дахь зам энхэл донхол, эвдрэл гэмтэл ихтэй байгаа нь наанадаж тээврийн хэрэгслийн эдэлгээнд сөргөөр нөлөөлж, цаанадаж хүний амь нас эрсдэх аюултай тул зуны гуравхан сарын бүтээн байгуулалтдаа Улаанбаатар дахь “хөдөөгийнхөн”-ийг багтаахыг Хотын даргаасаа хүсье!