ЭМДС-гаас эрүүл мэндийн байгууллагуудад олгох санхүүжилттэй холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ЭМДЕГ-ын дарга С.Энхболдоос тодрууллаа.
ЭМДС нь өмнөх онуудын өглөг болох 316 тэрбум төгрөгийг энэ оны төсвөөс барагдуулсан. Үлдсэн төсөв дээр хуваарилалтуудаа хийгээд, 12 сард ЭМДС-гийн Үндэсний зөвлөлөөр батлуулсан. Үүний дагуу санхүүжилтээ олгоод явж байгаа. Гэсэн хэдий ч даатгалын санхүүжилт хүрэлцэхгүй байгаа. Хязгаартай төсвөөс хязгааргүй хэрэгцээтэй тусламж үйлчилгээг санхүүжүүлж байгаа учраас ЭМДС нэлээд эрсдэлтэй байгаа. Эмнэлгүүд дээр санхүүжилтийн асуудал нэлээд үүсэж байгаа нь ч үнэн.
ЭМДС-гийн энэ жилийн батлагдсан төсөв орлого талдаа 2.5 их наяд, зарлага талдаа 2.3 их наяд төгрөгөөр батлагдсан. Зарлагаас өмнөх оны өглөгийн үлдэгдэл 316 тэрбумыг хасахаар 2 их наяд төгрөг үлдэнэ. Энэ мөнгөөр 2300 гаруй эрүүл мэндийн байгууллагад сар бүр батлагдсан төсвийн хүрээнд санхүүжилт хийгээд явж байгаа.
Гэсэн хэдий ч эмнэлгүүд дээр нэлээд эрсдэлтэй байдал үүссэн. Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэл оны эцэс гэхэд манай батлагдсан төсвөөс 230-240 тэрбум төгрөгөөр давахаар байгааг манай мэргэжилтнүүд тооцож гаргасан. Төсвийн тодотголоор манай сангаас 43 тэрбум төгрөг танагдана гэж яригдаж байна. Хэрэв танах юм бол эрсдэл улам нэмэгдэнэ л гэсэн үг. Тиймээс ямар боломжууд байгаагаа сая сайдад танилцуулаад гарч ирлээ.
Даатгалын сангийн хөрөнгийг цочмог, төлөвлөгөөт, архаг гэсэн гурван бүлэгт хуваагаад хүний амь нас яригддаг нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг түлхүү санхүүжүүлж, тэвчиж болох оноштой бүлэгт тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоосон.
Мөн бидэнд өмнөх онуудын хэд хэдэн авлага байгаа. Тухайлбал, “Капитал” болон “Чингис хаан” банкаас 140 тэрбум төгрөгийн авлагатай. 2019 онд үүссэн энэ авлагыг шийдэх юм бол эрүүл мэндийн байгууллагуудад өгөх санхүүжилтийг тодорхой хэмжээгээр шийдэж болно. Мөн нийгмийн даатгалын шимтгэлээс манайх 89 тэрбум төгрөгийн авлагатай. Эдгээр асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад нь хандаад явж байна.
Шууд дамжуулалт үзэх: