УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн хуурамч дипломын асуудлыг УИХ-ын даргад, Боловсролын сайд П.Наранбаяр нарын асуудлыг АТГ-т шалгуулах гомдол гаргаж буй багш Б.Идэржавхлангаас тодрууллаа.
Б.Идэржавхлан: Сүүлийн үед боловсролоор их улс төржиж байна. Улс төрчдийн хоорондын маргаан нь сүүлдээ хүүхдүүд рүү чиглэж, нийгэмд маш муухай сөрөг нөлөө үзүүлж байна.
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн хуурамч дипломын асуудал сөхөгдсөн. Юм тодорхой, маргаангүй байх ёстой. Иймд диплом нь үнэн эсэхээ нотлох хэрэгтэй. Тэгж байж боловсролын салбарыг төлөөлж юм ярих хэрэгтэй.
Хоёрдугаарт, Боловсролын сайдтай холбоотой асуудал сөхөгдөөд байна. УИХ-ын гишүүд нь улс төржөөд, хүүхдүүд дунд нь хохирч байна. Иймд би өөрөө багш хүний хувьд АТГ-т П.Наранбаярыг шалгуулах, УИХ-ын даргад Ц.Мөнхтуяагийн асуудлаар гомдол гаргаж байна.
Элсэлтийн шалгалтын тухайд, асуудал анх сэдвүүд маш хүнд ирсэн, сурах бичгийн агуулгад байхгүй гэж үүссэн. Ингэхэд БҮТ-өөс сэдвүүдээ задлаад багш нар анализ хийхэд агуулгад байхгүй сэдэв орж ирээгүй нь нотлогдсон. Тэгмэгц, ганц нэг асуулт, даалгаврыг барьж аваад нутгийн аялгууны хэл гэх мэт зүйлсээр нийгэмд өндрийг авхуулахаар зорьж байна. Гэтэл Монгол хэл бол зөвхөн халх хэл биш. Монгол хэлэнд өчнөөн угсаатан бий, наймдугаар ангийн агуулгад ч бий. Ингээд агуулга нь зөрчилгүй болонгуут хар машин, харандаа руу орж байгаа юм. БҮТ үүн дээр нь дахиад тайлбараа дахиад хийгээд асуудалгүй болсон. Тэгэнгүүт дахиад хүүхдүүдийн дүн зассан гэх асуудал гаргаж ирээд улс төржилт нь өөрчлөгдөөд л яваад байна.
Гэтэл Элсэлтийн шалгалтаа амжилттай өгсөн өчнөөн хүүхэд байна. Угаасаа уралдаант шалгалт шүү дээ. Их сургуулиуд нь хүртэл квоттой. Ийм зүйл дээр хүртэл улс төржилт хийж байгаа нь бохир санагдаж байна.