m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
2025.06.27 14:12
1778
Боловсролын сайдыг огцруулах гэсэн кампанит ажиллагаа хэний эрх ашиг вэ

Боловсролын сайд П.Наранбаяр руу чиглэсэн дайралтууд сүүлийн үед нэлээд идэвхжлээ. Эхлээд сургалтын байгууллагын менежмэнтийг сайжруулах төсөлтэй холбогдуулан, хамаарал бүхий компанидаа төсвөөс хөрөнгө оруулалт хийлээ гэсэн шүүмжлэл явсан. Саяханаас элсэлтийн шалгалттай холбогдуулан, зарим эцэг эх болон багш нарын зүгээс гомдол нэхсэн.

Энэ удаад “Шинэ Монгол” сургуультай холбогдсон асуудлыг албан баримтуудад тулгуурлан мөшгөе.

“Сургалтын байгууллагын менежмэнтийг сайжруулах” хөтөлбөрийг

хэн нь эхлүүлсэн бэ

“Сургалтын байгууллагын менежмэнтийг сайжруулах” хөтөлбөрийг анх өмнөх сайд Л.Энх-Амгалангийн үед хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/96 дугаар тушаалаар “Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө /2021-2030/”-г баталсан. Уг төлөвлөгөөнд боловсролын үйлчилгээнд оролцогч талууд /багш, сурагч, эцэг эх/-ын хамтын оролцоо, үүрэг, хариуцлагыг бэхжүүлэх, дэмжих зарчмыг хэрэгжүүлж, улмаар боловсролын салбарт оновчтой засаглал, удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэх, Ерөнхий боловсролын сургуулийн зохион байгуулалт, менежментийн үр ашгийг сайжруулах зорилт дэвшүүлжээ.  

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/01 дүгээр тушаалаар 2023 оныг “Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил” болгон зарласан байдаг. Чингээд мөн сайдын  2023 оны "Удирдамж, багийн бүрэлдэхүүн батлах тухай" А/49 дүгээр тушаал гарсан байна. Уг тушаалаар "Ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах арга хэмжээний удирдамж”, мөн түүнийг хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүнийг баталжээ.

Уг ажлын хэсэг 2022 оны гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн, аймаг, нийслэлийн боловсролын газрын саналд үндэслэн, дэмжлэг шаардлагатай ерөнхий боловсролын сургуулиудыг сонгож, зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулжээ. Өөрөөр хэлбэл, “Шинэ Монгол” сургуулиас үйлчилгээ авч, төлбөрийг улсын төсвөөс гаргуулсан гэсэн үг. Мэдээж, улсын сургуулийн ажлыг сайжруулах зорилгоор авч байгаа үйлчилгээ болохоор төлбөр тооцоо нь төсвөөс гарах нь ч аргагүй биз.

Ийнхүү өдгөө П.Наранбаярын чихийг “халууцуулаад” байгаа “Шинэ Монгол” сургуультай хамтын ажиллагаа Х.Энх-Амгалан сайдын үед эхэлсэн байдаг. Өмнө дурдсан 2021 оны А/96, 2023 оны А/01 тоот сайдын тушаалуудыг мөнхүү сайд гаргасан хэрэг. Тэгэхээр энэ арга хэмжээг санаачлагч нь Л.Энх-Амгалан сайд өөрөө мөн гэдгийг цагаан дээр хараар бичсэн түүний тушаалууд бэлхэнээ баталж байгаа юм.

Эхний жил буюу 2023 онд улсын хэмжээнд нийт 83 сургууль уг хөтөлбөрт хамрагдсан байна. 2024 онд Л.Энх-Амгалан сайдын А/14 тоот тушаалаар уг хөтөлбөрт зориулан 500.0 сая төгрөг баталсан байх бөгөөд мөн оныхоо А/141, А/240 тоот тушаалуудаар санхүүжилтийн дүнг өсгөсөөр байгаад нэг тэрбум төгрөгт хүргэжээ. Гэхдээ хэрэгжүүлж амжилгүй сонгуультай золгосон бөгөөд дараагийн Засгийн газрын үед Боловсролын сайд П.Наранбаяр үргэлжлүүлсэн байгаа юм.

Гэтэл “экс” боловсролын сайд өчигдөр /2025.06.26/ цахим хуудсандаа “2023 оныг "Сургалтын байгууллагын менежментийг дэмжих жил" болгон зарласан. Гэхдээ УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын өмчилж, П.Наранбаярын менежмент хийдэг “Шинэ Монгол” сургуулиар менежмент хийлгэх тухай нэг ч тушаал гаргаж, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын эзэмшлийн ТББ руу нэг ч төгрөг шилжүүлж байгаагүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдье.” хэмээн бичжээ. Ингэж бичих болсон шалтгаан нь одоогийн сайд П.Наранбаяр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Өмнөх сайдын үед эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлсэн” хэмээн хариулснаас үүдэлтэй бололтой. Гэхдээ нөхцөл байдлыг үнэнээр нь өчсөн П.Наранбаярыг буруутган, өөрийгөө өмгөөлж суух нь ч бас өрөвдөлтэй харагдаж байгаа юм.

Учир нь түүний мэдэгдлийг харсан боловсролын салбарынхэн эгдүүцэж, экс болон шинэ сайдын нэрсийг дуудаж /mention/ байгаад “Санах ай гэж сайхан шүү” хэмээгээд байр сууриа илэрхийлцгээж мөн 2022 онд БШУЯ-ны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллийг хуваалцсаар байна.

П.Наранбаярын тухайд, сайдаар томилогдсоноосоо хойш буюу 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай” А/72 тоот тушаал батлан гаргасан байгаа юм. Уг тушаалаар дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 1.2 тэрбум төгрөгийн зардлын 800.0 сая төгрөгийг Л.Энх-Амгалангийн баталсан нэг тэрбум төгрөгийн зардлаас гаргуулж, үлдэгдэл 400.0 сая төгрөгийг 2025 оны төсөвт тусган шийдвэрлүүлэхийг Төрийн нарийн бичгийн даргад даалгажээ.

Яагаад “Шинэ Монгол” гэж?

Бид төрийн бодлогын залгамж чанарын талаар их ярьдаг. Тэгэхээр өмнөх сайдын эхлүүлсэн ажлыг дараагийн сайд үргэлжлүүлснийг буруутгахад бас хэцүү.

Эндээс дээрх зорилтыг хэрэгжүүлэхдээ “Шинэ Монгол” сургуулийг яагаад сонгосон бэ гэдэг асуудал урган гарч ирнэ. УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын үүсгэн байгуулсан “Шинэ Монгол” сургуулийн менежмэнтийг боловсролын салбарынхан хэдийнэ хүлээн зөвшөөрсөн, тиймдээ ч эрх баригчид хүртэл жагсаалтдаа урьж залан оруулсан биз.

Япон улсаас “импортолж”, монголд нутагшуулсан “Шинэ Монгол” сургуулийн сургалтын хөтөлбөрийн чанар, удирдлагын менежмэнтийн үр дүнг тус сургуулийн сурагчдын хүмүүжил төлөвшил, төгсөгчдийн амжилтаас төвөггүйхэн харж болдог. Ихэнх сургууль суралцагчдаа олж авахын тулд зар сурталчилгаанд мөнгө зардаг бол “Шинэ Монгол” сургуулийн тухайд хэрэглэгчид нь өөрсдөө эрж хайж, өрсөлдөж, өндөр шалгуур даван байж суралцах эрхтэй болдог. Энэ бол 20 жилийн турш брэнд болтол нь хөгжүүлж чадсан үнэ цэн юм. Сайн туршлагыг нэвтрүүлж хэрэгжүүлэх нь аль ч салбарт байдаг үзэгдэл л дээ.

“Шинэ Монгол” сургуулийн боловсруулж, практикаар нотолсон эл хөтөлбөрт хамрагдсан сургуулиудийн менежерүүд болон багш нар үр дүнд нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байдаг. Энэ талаар манай редакци гурван сарын өмнө хийсэн сурвалжлагыг https://mass.mn/n/99603?fbclid=IwY2xjawLLIqtleHRuA2FlbQIxMQBicmlkETE1RTBmUHUzekZOMW56Q2JDAR6-eFQzQOCqS7DUXjNaJvZLUobv0HkqBreITqOIxndBJ1kJWpUT3dk5a3Xmfw_aem_VQ_VeI6cAl-bXOe6LAA8KQ#top холбоосоор нэвтрэн унших боломжтой.

Боловсролын сайд П.Наранбаяр

“Шинэ Монгол” сургуулийн хамаарал бүхий этгээд мөн үү

“Шинэ Монгол” сургуультай холбогдож гарах дараагийн асуулт бол одоогийн Боловсролын сайд П.Наранбаяр тус сургуультай хамаарал бүхий этгээд мөн үү гэх асуудал. Тэрээр 2000 онд байгуулагдсан “Шинэ Монгол” сургуулийн хоёр дахь Гүйцэтгэх захирал бөгөөд 2012-2021 оны хооронд ажилласан гэдгээ өөрөө хэлсэн байдаг, намтарт нь ч дурайж буй. Ямар ч байгууллагад хүмүүс орж, гарч л байдаг. Тэглээ гээд бүгд хувьцаа эзэмшигч болчихдоггүй. “Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч бөгөөд эцсийн өмчлөгч нь Ж.Галбадрах хэмээн Улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д "хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ хэмээн заасан байдаг. П.Наранбаярын нэр “Шинэ Монгол” сургуулийн хувьцаа эзэмшигчдийн дунд байхгүй бөгөөд Ж.Галбадрахын гэр бүл буюу хамаарал бүхий этгээд биш тул тус сургуулийн хэрэгжүүлдэг хөтөлбөрт санхүүжилт олгосон нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэдгийг хуульчид ч хэлж буй.

Энэ бүхнээс дүгнэхэд, өнөөдөр Боловсролын сайдын суудал хэн нэгний шуналын бай болж, тэрхүү хүслээ гүйцэлдүүлэхийн тулд дээр нь сууж буй П.Наранбаярыг “буудаж унагаах” аянд мордсон гэдгийг улс төрийн хүрээнийхэн шивэр авир хийж байна. Магад энэ бүхний цаана эрх баригч намын хэн нэгэн гишүүн байж мэдэх. П.Сайнзориг нарын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарт хандан, Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлага хүргүүлснээ саяхан мэдэгдсэн нь үүнийг улам бататгах мэт.

Дашрамд хэлэхэд, элсэлтийн шалгалт тойрсон асуудлууд, тухайлбал зарим маргаан дагуулсан асуулт, бодлогууд ч мөн П.Наранбаярыг сайд болохоос өмнө сургалтын хөтөлбөрт хэдийнэ багтсан агуулга болох нь сүүлийн хэдэн өдөр нотлогдсон. Жил жилийн Элсэлтийн шалгалтын үеэр ийм маргаан гардаг ч энэ жил илүү дэвэргэж байгаа нь сайдын суудалд шунасан хэн нэгний явуулга байж болзошгүй. Салбартаа “шинэ салхи” оруулах гэсэн П.Наранбаяр сайдыг огцруулах кампанит ажиллагааны цаана хэн нэгэн сайдын суудал горилогчийн эрх ашиг  нуугдаж буй. Тэр нь эрх баригч нам дотор бий.