Засгийн газар энэ лхагва гараг /2025.06.25/-ийн ээлжит хуралдаанаараа "Алт-3" аяныг хэрэгжүүлэхээ зарласан.
Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Алт-3” аяныг орон даяар зарлан хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэснээ мэдэгдсэн.
Өмнөх оны эцэстэй харьцуулахад, нүүрсний үнэ 44 орчим хувиар унаж, алтны үнэ 21 орчим хувиар өсөөд байгаа энэ цаг үед “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв шийдэл байж болох.
https://goldprice.org/ сайтад мэдээлснээр алтны үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн зургаан сарын дотор 22 хувиар, нэг жилийн дотор 34 хувиар өссөн бөгөөд таван жилийн өмнөхтэй харцуулахад даруй 84 хувиар өсжээ. Цаашид ч өсөх боломжтой гэж эдийн засагчид үзэж буй.
Бид хичнээн үгүйсгэсэн ч манай улсын эдийн засаг уул уурхайн салбар дээр тогтож байгаа нь маргашгүй үнэн. Ойрын хэдэн арван жилдээ ч энэ байдал үргэлжлэх биз. Ялангуяа экспортын орлогын 90 хувийг энэ салбар дангаараа бүрдүүлдэг. Түүний дотор 70 орчим хувийг нүүрсний экспорт эзэлж байсан ч үнэ нь бараг тавин хувиар унасан нь манай экспортын орлогод доргилт өгөхүйц хэмжээний нөлөөлөл үзүүлж буй. Тэгэхээр энэ алдагдлыг бага ч болов нөхөх боломж нь алт гэж харж байгаа юм.
Гэсэн хэдий ч уг хөтөлбөр өнөөдрийг хүртэл бодитоор хэрэгжихгүй байгаа нь алтны нөөцийн ихэнх нь хамаарч буй үндсэн ордуудын талбай тусгай хамгаалалттай газар нутагтай давхцаж байгаагаас болж гацаанд орсонтой холбоотой. Нэгэнт тусгай хамгаалалттай газар нутагт байгаа бол тэнд хайгуул, олборлолт хийхийг хориглодог хуультай. Тиймээс УИХ-аар тогтоол гаргуулж байж энэ ажил урагшлах юм.
Хамтарсан Засгийн газрын үед “Алт-3” аянтай холбогдуулан УИХ-ын тогтоол гаргуулахаар бэлдэж байсан ч өргөж амжилгүй огцорсон. Тэгвэл Г.Занданшатарын Засгийн газар уг тогтоолын төслийг ойрын хугацаанд өргөн барих гэж байна. Гэхдээ Ц.Туваан нарын боловсруулж байсан тогтоолын төсөл дэх гол заалтыг хассан байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, үндэсний компаниуд лицензийг нь эзэмшиж буй үндсэн ордуудыг тойргийн гадна үлдээж, харин гадны хөрөнгө оруулалтыг татах нэрийдлээр гадаад эзэнтэй компаниудад “эрдэнэсийн сан”-гийнхаа түлхүүрийг атгуулах лобби явагдаж байгаа аж.
“Хүний нохой идэхээр өөрийн нохой ид” гэдэг дээ. Гэтэл манай мяндагтнууд хүний хүнд байдгаа барин гүйж, өөрсдийнхнийгөө үл хайхардаг байдал хэвээрээ. Лицензийг нь тусгай хамгаалалтаас гаргачихвал олборлолт эхлүүлэхэд бэлэн байгаа дотоодын компаниудын эзэмшилд буй Сэлэнгэ аймгийн нутаг дахь Гацуурт, Баавгай, Эрээн, Хэнтий аймгийн Шургадгийн гол зэрэг ордыг тусгай хамгаалалтаас гаргаж, үйл ажиллагаа явуулах эрхийг нь сэргээгээд өгөх юм бол Монголбанкны алтны нөөцийг 100 тонноор нэмэгдүүлэх боломж байгаа аж.
Эдгээр ордын тусгай зөвшөөрөл бараг хориод жилийн өмнө эздэдээ очсон ч 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хүрээнд хязгаарлалтад орсон байдаг. Хуулийн үйлчлэлд нийт 909 хайгуулын тусгай зөвшөөрөл, 427 ашиглалтын тусгай зөвшөөрөл хамрагдсан. Төр өөрөө зөвшөөрөл өгчихөөд иргэд, аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээний зардал гаргасны дараа хууль баталж байгаад үйл ажиллагааг нь хорьсон болохоор нөхөн төлбөр олгохоор амласан. Гэвч санхүүжүүлэх эх үүсвэрээ шийдэж чадаагүйгээс энэ ажлын хэрэгжилт мөн л удааширсан.
Хэрвээ тэднийг хязгаарлалтаас гаргачихвал төр өөрөө ядаж л нөхөн төлбөр гэх ачаагаа тодорхой хэмжээгээр хөнгөлөх боломжтой болох юм. Ядаж үүнийгээ ч гэсэн бодолцож шийдвэр гаргах ёстой.