Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2025.06.27 19:20
536
Төрийн албан хаагчдад зориулсан “Төрийн удирдлагын системийн тоон шилжилт” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Эрдмийн Их сургууль болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, Төрийн албаны Академийн хамтын ажиллагааны хүрээнд  төрийн алба хаагчдад зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл танхим болон цахим хэлбэрээр амжилттай хэрэгжүүлж, сертификат гардуулах үйл ажиллагаа боллоо.

Тус үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн захирал, Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Зэгиймаа, Төрийн удирдлагын цахим төвийн дарга Гадзов Феликс нар үг хэллээ.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн удирдлагын Цахим сургуулийн Хиймэл оюун ухаан судлал, хөгжлийн тэнхимийн програм хариуцсан захирал Отоцкий Петр болон Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн эрдэмтэн, багш нар оролцлоо.

“Төрийн удирдлагын системийн тоон шилжилт” гэсэн үндсэн сэдэвтэй энэхүү сургалтад Монгол Улсын Засгийн газар, Цагдаагийн ерөнхий газар болон төрийн бусад байгууллагын  ажилтнууд хамрагджээ.

Төрийн албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг боловсруулахдаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн Академийн эрдэмтэд, судлаачид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын нэртэй мэргэжилтэн, зөвлөх багуудтай олон жилийн турш хамтарч ажиллаж практик дээр туршиж баталгаажуулсан судалгааны ажлын үр дүн, туршлагад тулгуурласан байна.

Сургалтын хүрээнд дараах сэдвийн дагуу лекцийн хичээлүүд оржээ.

  • Төрийн удирдлагын тоон шилжилтийн үндэс
  • ОХУ-ын төрийн удирдлагын тоон шилжилтийн хандлага, эрсэд ба ирээдүй
  • Тоон хөгжлийн түлхүүр технологиуд /Хиймэл оюун, Их өгөгдөл, Үүлэн технологи, блокчейн, IoT/
  • Ухаалаг хот, ОХУ /Smart City/
  • Төр болон хүн ам, бизнесийн тоон эргэх холбоо
  • Кибер аюулгүй байдал ба онцгой дэд бүтцийн хамгаалалт
  • Технологийн ба тоон тусгаар тогтнолыг хангах механизмууд
  • ОХУ-ын төрийн удирдлагын тоон шилжилтийн норматив-эрх зүйн зохицуулалт

Түүнчлэн цахим шилжилт нь төрийн удирдлагын тогтолцоогоор хязгаарлагдахгүй, цаад суурь үндэс талаасаа хэрэг дээрээ нийт нийгмийн тогтолцооны гүнзгий хувьсал өөрчлөлтийг бий болгож, хүмүүсийн, тэр дотроо төрийн албан хаагчдын зан төлөв, сэтгэлгээний шинэ загварыг бий болгохыг шаардаж байгааг эдгээр лекцийн агуулгад тусгасан байна.

Улмаар эдгээр асуудлыг практик шийдэл, технологийн талаас нь төдийгүй онол-арга зүйн гүнзгий судалгаа боловсруулалтын үр дүнд тулгуурлаж шийдвэрлэж буйг ОХУ-ын жишээн дээр тайлбарлаж туршлага, эрсдэл, сорилт зэргийг авч үзэх юм.