Монгол Улсын Хөгжлийн банк /МУХБ/ арилжааны банкуудад мөнгөн хадгаламж байршуулахдаа холбогдох журмыг мөрддөггүй, сонирхлын зөрчилтэй шийдвэрүүд гаргаж байсныг баримтууд харуулдаг.
2015 оны Гүйцэтгэх захирлын А/16 дугаар тушаалаар батлагдсан “МУХБ-наас арилжааны банкуудад хадгаламж байршуулах, татан төвлөрүүлэх журам”-ын хүрээнд Эрсдэлийн удирдлагын газар нь сар бүр арилжааны банкуудын санхүүгийн байдлыг үнэлж, тухайн банканд байршуулах хадгаламжийн дээд хэмжээг тогтоох ёстой.
Гэвч энэхүү журмыг удаа дараалан зөрчиж байсныг баримтууд харуулдаг.
2013–2016 онд нийт хадгаламжийн 43.4–86.4 хувь нь Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банканд төвлөрч байжээ.
Тухайлбал, Улаанбаатар хотын банк 2015 онд 144.4–186.5 тэрбум төгрөгөөр, 2016 оны эхний 10 сард 31.1–153.9 тэрбум төгрөгөөр тус тус хэтрүүлэн байршуулсан нь журмын 3.1.4 дэх заалтыг илтэд зөрчсөн.
Худалдаа хөгжлийн банкны тухайд, 2015 оны 1–3 дугаар саруудад 18.6–140.0 тэрбум төгрөгөөр хадгаламжийн дээд хэмжээг давуулан байршуулж байжээ.
Зах зээлийн эрсдэлийн удирдлага болон төвлөрлийн эрсдэлийг үл хайхарсан эдгээр ноцтой зөрчил нь тус банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан О.Банзрагчтай холбоотой гэсэн хардлагыг албаны хүмүүс илэрхийлж байсан удаатай. О.Банзрагч нь 2001 оноос Худалдаа хөгжлийн банканд Маркетингийн менежер, актив хариуцсан менежерээр, 2004 оноос Улаанбаатар хотын банканд газрын захирлаас тэргүүн дэд захирал хүртэл дэвшин ажиллаж байсан бөгөөд 2016-2020 онд Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр, 2020 оноос Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор одоог хүртэл ажиллаж байгаа нэгэн.
Тэгвэл Улаанбаатар банк, ХХБ нь нэг эзэнтэй байсан. Өөрөөр хэлбэл Улаанбаатар банкны хувьцааны 99.9 хувийг ХХБ эзэмшдэг байсан бөгөөд ХХБ-ны ТУЗ-ийн дарга нь “сахал” хочит Д.Эрдэнэбилэг. Үйл ажиллагаа нь доголдсон Улаанбаатар банкыг хожим буюу 2020 онд Худалдаа хөгжлийн банканд нэгтгэсэн. Тэгэхээр О.Банзрагч нь нэг эзний хоёр банкинд ээлжлэн ажиллаж ирсэн бөгөөд Д.Эрдэнэбилэгийн итгэлт хүн учраас түүний банкуудын эрх ашгийг хангах үүрэгтэйгээр Хөгжлийн банканд “шургалсан” гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм. Тэрхүү эрх ашиг нь давуу байдал олж авах явдал. Өөрөөр хэлбэл, тогтоосон журмыг зөрчин байж, бусад банкаас давуу эрх эдлэн, их хэмжээний мөнгө авч байршуулж байсан хэрэг.
Гэвч О.Банзрагч нь үүнийхээ төлөө хуулийн өмнө хариуцлага огт хүлээгээгүй. Хөгжлийн банкаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан бөгөөд буцаан төлөөгүй гэсэн хэрэгт холбогдон, шалгагдаж байсан 80 гаруй хувь хүн, аж ахуйн нэгжийн заримд нь О.Банзрагчийн шууд нөлөөгөөр зээл олгосон гэдэг ч Ж.Бат-Эрдэнэ, Ж.Оюунчимэг нарыг “золигт гарган”, О.Банзрагч ард нь сугараад үлдчихсэн байдаг. Энэ нь түүний ард улс төрд нөлөө бүхий эрхмүүд байдаг гэсэн хардлагыг улам лавшруулдаг. Мэдээж, тэр нөлөө бүхий эрхмүүд нь “эзэн” Д.Эрдэнэбилэг болон түүний хамтрагч Ц.Элбэгдорж тэргүүтэн.
Анхнаасаа О.Банзрагчийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр томилсон нь өөрөө хууль бус байсан. Хөгжлийн банкны тухай хуулиар тус банкны ТУЗ нь нийт долоон гишүүнтэй байдгаас дөрөв нь төрийг төлөөлдөг бол гурав нь хараат бус гишүүн байдаг. Хараат бус гишүүдийг ТӨБЗГ-аас нээлттэй сонгон шалгаруулалтаар томилдог бөгөөд тавигдах шалгуурт ашиг сонирхлын зөрчилгүй байх, тухайн банкинд болон түүнтэй холбоотой этгээдэд ажиллаагүй байх гэсэн нөхцөл байдаг.
Гэтэл О.Банзрагч нь Хөгжлийн банктай хамтран ажилладаг банкуудад ажиллаж байсан болохоор дээрх хоёр заалтыг шууд зөрчиж байгаа юм.
Ийнхүү Монгол Улсыг хөгжилд хөтлөх томоохон төслүүдэд санхүүжилт хийх зорилготой Хөгжлийн банкны хөрөнгийг хууль бусаар зарцуулж, ихээхэн хэмжээний хохирол амсахад хүргэсэн гол буруутнуудын нэг О.Банзрагч гэгч энэ эрхэм өнөөдөр хуулиас дээгүүр гишгэлж, бидний дунд мөр зэрэгцэн, эрх чөлөөтэй амьдарч буй нь шударга гэж үү?