Э.Ирэхбаяр
Редактор
Нийгэм
2025.06.30 13:59
1718
Нийгмийн ажилтнуудад нэг эрх зүйн орчин бүрдүүлж, нэг үйлчилгээг олон талаас нь хамтарч үзүүлдэг болно

УИХ-ын гишүүн О.Саранчулууны санаачилсан Нийгмийн ажилтны тухай хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэг D-Parliament.mn платформ болон салбар салбарын мэргэжилтнүүдийн дунд өрнөж буй.  Энэ удаа Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулагдах үеэр уг хуулийн төслийг санаачлагч болон нийгмийн ажилтан мөн хөндлөнгийн экспертээс тодрууллаа.

“Нийгмийн халамжийн байгууллагуудын нэгдсэн холбоо”-ны тэргүүн Б.Сүх-Очир:

Хорооны нийгмийн ажилтнууд зэрэгцэж суугаад, хүмүүсийн жаргал зовлонг сонсдог болохоор тэр хүний асуудлыг бүгдээрээ мэддэг

Таны хувьд нийгмийн ажилтнаар хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

Миний бие анхны мэргэжлийн нийгмийн ажилтны нэг. Энэ салбар Монгол Улсад үүсэж хөгжөөд 28 жил болж байна, би ч мөн 28 дахь жилдээ энэ салбартаа ажиллаж байна.

Нийгмийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөлд одоогоор хууль болон журмаар зохицуулагдаагүй байгаа ямар асуудлуудыг тусгаж өгсөн бэ?

Манай улсад нийгмийн ажилтнууд боловсрол, эмнэлэг, халамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх гээд салбарлаад хөгжсөн. Тиймээс салбар салбарынхаа хуулиар зохицуулагдаж ирсэн. Энэ нь халамжийн нийгмийн ажилтнууд нь боловсролын нийгмийн ажилтны тухай хуулийн заалт надад хамаарахгүй ээ ч гэдэг юм уу, салбар хооронд үл ойлголцол бий болгосон.

Хэдийгээр нэг үеэ бодвол хүмүүс нийгмийн ажилтныг мэддэг болсон, үйлчлүүлэгчид өөрсдөө ханддаг болсон ч гэлээ үүний цаана үйлчилгээгээ илүү чанартай, мэргэжлийн түвшинд, хүртээмжтэй хүргэх шаардлага байсаар байгаа. Тиймээс бүх салбарын нийгмийн ажилтнуудыг хамруулсан нэгдсэн хуультай болж, ажиллах орчин, нөхцөл гээд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх шаардлага байгаа юм.

О.Саранчулуун гишүүний  санаачлан боловсруулж байгаа энэ хуулийн төсөл бол нэгдүгээрт, анхдагч хууль гэдгээрээ онцлогтой. Хоёрдугаарт, салбар бүрийн нийгмийн ажилтныг хамруулсан багц хууль болж байгаа. Юуны өмнө нийгмийн ажилтан гэж хэнийг хэлэх юм бэ, ямар үйлчилгээг хэрхэн хүргэх ёстой юм бэ гэдгийг хуульчилж өгөх гэж байна.

Нийгмийн ажилтны өөрийн оролцооны олон салбар төрийн бус байгууллага байдаг. Эдгээрийг нэгтгээд, мэргэжлийн холбоо байгуулаад, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх заалтуудыг мөн тусгасан байна. Түүнчлэн Мэдээллийн нэгдсэн сантай болох асуудлыг ч хуульчлах юм байна. Ийм нэгдсэн сантай болсноор бүх үйлчлүүлэгчийн мэдээллийг нэг дороос авах боломжтой болж, шаардлагатай үйлчилгээг цаг алдалгүй хүргэх нөхцөл бүрдэх юм. Үйлчүүлэгчид мөн энэ нийгмийн ажилтан надад зохих үйлчилгээг зөв хүргэж чадаж байна уу гэдэг дээр хяналт тавьж, дүн тавиад явах боломжтой болно. Олон нийтийн оролцоог хангаж өгснөөр эргээд нийгмийн ажилтнуудын үйлчилгээ чанаржина.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарын дэргэдэх Хүүхэд хамгааллын хамтарсан багийн бүрэлдэхүүнд нийгмийн ажилтнууд байдаг. Тэд багийн ажлын дийлэнхийг “нугалдаг” хэрнээ маш бага цалин авдаг тухай өмнө нь хөндөгдөж байсан. Тэгвэл хуулийн төсөлд нийгмийн ажилтны цалин хангамж, нийгмийн хамгааллын асуудлыг хэрхэн тусгаж өгсөн юм бол?

Ковидын үед Нийгмийн ажилтнуудыг хамруулсан үндэсний хэлэлцүүлгийг гурван удаа зохион байгуулсан. Тэгэхэд энэ асуудал нэлээд хөндөгдөж байсан. Нийгмийн ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудал одоогоор нэлээд бүрхэг байгаа.

Салбар бүрийн хуульд тусгагдахдаа карьер ахих боломжгүй, нийгмийн баталгаа нь тодорхой бус, бүр цаашилбал үйлчилгээ үзүүлэх орчин хүртэл маш муу. Хороон дээр байгаа нийгмийн ажилтнууд тусдаа өрөөтэй байх ёстой. Гэтэл өнөөдөр хорооны нийгмийн ажилтнууд нэг цэгийн үйчилгээ шиг бүгд нэг дор зэрэгцэж суугаад, хүмүүсийн жаргал зовлонг сонсдог, тэр хүний асуудлыг бүгдээрээ мэддэг болчихсон байх жишээтэй. Хувь хүний нууцыг хамгаалах асуудал байхгүй. Мэргэжлийн үнэт зүйл ч бас алдагдаж байгаа юм. Үүнийг зохицуулах шаардлага бий.

Цалингийн тухайд, хорооныхон ТЗ, сургуулийнхан ТҮ ангилалд хамаарч байх жишээтэй. Зэрэглэл, цалингийн систем, үзүүлж байгаа үйлчилгээнүүд нь ч өөр. Энэ мэт эмх цэгцгүй, уялдаа холбоогүй асуудлуудыг энэ хуулиар нэгтгэн зохицуулахаар тусгасан байна.

Нэг цалингийн систем, нэг эрх зүйн орчинтой. Нэг үйлчилгээг олон талаас нь хамтарч үзүүлдэг байх нэгдсэн хуулийн төсөл гэж ойлгож болно.

О.САРАНЧУЛУУН: Нийгмийн ажилтны үйлчилгээг

цаашид бизнесийн загварт шилжүүлэх хэрэгтэй

Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож байгаа мэргэжилтнүүдээс ямар шинэлэг саналууд гарч байна вэ?

Маш олон санал гарсан. Өмнө нь бид зургаан удаа зургаан өөр салбарынхныг хамруулж хэлэлцүүлэг хийсэн байсан болохоор энэ удаад харьцангуй гайгүй байна.

Шинээр гарч ирж байгаа санал гэвэл хөдөлмөрийн хүнд нөхцөл учраас цалин хөлс болон зэрэглэл дээр анхаарах хэрэгтэй байна. Нийгмийн ажилтнууд олноороо ажлаасаа гарч байна. Энэ нь цалин болон ажлын нөхцөлтэй холбоотой гэдгийг хэлж байгаа юм. Хоёрдугаарт ажлын байрыг хүнд нөхцөлд тооцох саналууд гарсан. Мөн мэргэжлийн шалгалт авч, олон улсын стандартыг нутагшуулах санал хүсэлтийг ч илэрхийлж байна. Гэхдээ монголд ажиллаж байгаа 6000 гаруй нийгмийн ажилтнууд бүгд энэ мэргэжлээрээ бакалаврын түвшинд суралцсан уу гэвэл үгүй. Өөр мэргэжил эзэмшчихээд сүүлд богино хугацааны сургалтад хамрагдаад энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс бас байдаг.

Өнөөдөр 13 хуульд нийгмийн ажилтантай холбогдох 162 заалт хэрэгжиж байгаа. Эдгээрийг бас харгалзан үзэх ёстой.  Балансыг барьж, наанатай, цаанатай байх хэрэгтэй.

Хуулийн төсөлд мэргэжлийн холбоонд ямар эрх өгч, үүрэг хүлээлгэж байгаа вэ?

Мэргэжлийн холбоо нь мэргэжлийн сургалт, зэрэглэл олгох зэрэг үйл ажиллагаа явуулна. Яваандаа нийгмийн ажилтны үйлчилгээг бизнесийн загварт шилжүүлэх хэрэгтэй. Япон, австрали гэх мэт бусад оронд нийгмийн ажилтны үйлчилгээ үзүүлдэг хувийн компаниуд байдаг л даа.

Нийгмийн ажилтны мэргэжлийн холбоо байгуулагдсанаар нийгмийн ажилтнуудын эрх ашгийг хамгаална. Ихэнх нийгмийн ажилтан нийгмийн хамгийн хүнд нөхцөлд эмзэг бүлгийнхэнтэй тулж ажилладаг. Тиймээс ажлын байрны нөхцөл болон хамгаалалтыг сайжруулах шаардлага бий.

Нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээний 80 гаруй хувь нь нийгмийн ажилтнуудаар дамжин иргэдэд хүрдэг. Манай улс халамжаас хөдөлмөр рүү гэсэн үзэл баримтлалтай. Өөртөө итгэлгүй, амьдралын янз бүрийн асуудалд орсон эсвэл хөгжлийн бэрхшээлтэй, настны доройтолд орсон гэх мэт хүмүүс нийгмийн халамжийг түлхүү хүртэж байгаа. Тэгэхээр бид нийгмийн ажилтны үйлчилгээг хэдий чинээ сайжруулна, төдий чинээ халамжаас хөдөлмөрт шилжих боломжтой гэсэн үг.

Хуулийн төслөө хэзээ УИХ-д өргөн барих гэж байна?

Одоогоор D-parliamendt.mn сайтад байршуулан олон нийтээс санал авч байна. Мөн танхимын хэлэцүүлгүүдийг ч хийж байна. Намрын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байгаа.

Германы улс төрч, УИХ-ын гишүүний орон тооны бус зөвлөх Н.Солонго: Хүмүүжигч нартай тулж ажилладаг нийгмийн ажилтнуудад сэтгэл зүйн зөвөлгөө хэрэгтэй

УИХ-ын гишүүн О.Саранчулууны санаачилгаар Нийгмийн ажилтны тухай хуулийн хэлэлцүүлэг өрнөж байна. Миний хувьд ажлын шаардлагаар Монгол Улсынхаа хүчний байгууллагуудтай хамтарч ажилладаг. Энэхүү хуулийн төсөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, цагдаа, батлан хамгаалах салбарын нийгмийн ажилтнуудын ажлын байрны нөхцөл, сэтгэлзүй, санхүүгийн асуудлаар тодорхой санал орууллаа. Жишээлбэл, хүмүүжигч нартай тулж ажилладаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд, тэр дундаа нийгмийн ажилтнууд сэтгэл зүйн хувьд маш хүнд нөхцөлд ажилладаг. Хүмүүжигч нарт үйлчилгээ үзүүлдэг тэднийг хэн хамгаалах вэ, сэтгэл зүйн зөвөлгөөг хэн хэрхэн өгөх вэ гэх мэт асуудлыг зохицуулахаар тодорхой санал тусгуулсан байгаа.

Манайд нийгмийн ажилтан гэдэг мэргэжил, ажлын байрны талаар ойлголт муу байдаг. Тэгвэл герман улсад нийгмийн ажилтнуудын нийгмийн байр суурь ямархуу байдаг юм бол?

Герман улс хөгжлөөр Монгол Улсаас 100 жилээр түрүүлж буй. Нийгмийн ажилтнууд ч мөн адил биднээс хол түрүүлж байгаа.