
Японы мэргэжлийн сумогийн их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн урилгаар Япон улсын “Fight for Vision” байгууллагын нүдний мэргэжлийн эмч нар, техникчийн хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж нүдний болор солих мэс заслыг 21 хүнд амжилттай хийлээ.
Тус байгууллагын эмч нар Төв аймагт хоёр дахь удаагаа хүрэлцэн ирж байгаа бөгөөд өнгөрсөн жил нүдний тусламж үйлчилгээ шаардлагатай 13 иргэнд мэс засал хийж байсан юм.
Япон эмч нар нүдний мэс засал хийхээс гадна өнгөрсөн онд 1.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий нүдний болор солих мэс заслын 2 аппарат, тоног төхөөрөмжийг угсарч өгч байсан бол энэ жил мөн 2 аппаратыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний кабинетэд суурилуулж өглөө.
Өнөөдөр тус аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр Төв аймагт ажилласан 2 жилийн хугацаандаа 34 иргэнд нүдний болор солих мэс засал амжилттай хийж, иргэдийн нүдний эрүүл мэндийг дэмжсэн Япон улсын “Fight for Vision” байгууллагын нүдний мэргэжлийн эмч нар, техникч болон эмч нарын багийг Төв аймагтай холбож өгсөн Японы мэргэжлийн сумогийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж нарыг хүлээн авч уулзан, аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ.